Маргааш /2018.03.08/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Энэ өдрийг угтаж Төрийн ордон эмэгтэйчүүдийн хөлд дарагдав. Өглөөний 10.00 цагаас эхлэн “Манлайлагч эмэгтэйчүүд-Эв нэгдэл” хэлэлцүүлэг “А” танхимд өрнөсөн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Сайхан монгол ээж” мянган ээжийн баяр Их танхимд зохион байгуулагдлаа. Мөн гишүүдийн урилгаар Төрийн ордны үйл ажиллагаатай танилцаж яваа бүсгүйчүүд ч байсан юм.
“Сайхан монгол ээж” ёслолын арга хэмжээнд УИХ-ын эмэгтэй гишүүдээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн юм.
Тэрбээр “Цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд иргэн бүрийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох эрх зүйн орчин бий болгохын тулд Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар бэлтгээд байна” гэсэн юм.
Мөн түүнчлэн “Сайны хажуугаар саар гэгчээр гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртөж байгаа нь манай охид, эмэгтэйчүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийлэл 20 хувиар буураад байна. Гэхдээ энэ асуудал нийгэмд байсаар л байгаа нь санаа зовоож байна. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, эр хүний хувьд ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүдтэй хуулийн хэлээр, хатуу гараар тэмцэнэ” гэдгээ илэрхийлсэн юм.
Харин “Манлайлагч эмэгтэйчүүд-Эв нэгдэл” хэлэлцүүлэг Төрийн ордны “А” танхимд болсон. Өнөөдөр төрийн албанд ажиллагчдын дотор эмэгтэйчүүд 60 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төр түшиж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс илүү байна гэсэн үг. Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн төвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байгааг эмэгтэйчүүдийн төлөөлөл онцолж байв.