Ерөнхий сайдын бүрэн эрхэд бүү халд!

Хуучирсан мэдээ: 2025.06.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын бүрэн эрхэд бүү халд!

Ерөнхий сайдын бүрэн эрхэд бүү халд!

МАН олдсоноосоо өлдөхийн зовлонд унаж, Засгийн газраа байгуулах Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж эхэллээ гэж хэлэхэд бодит үнэнээс зөрсөн болохгүй нь. Учир нь, Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар өчигдөр /2025.06.13/ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэхээ урьд шөнө нь чуулганы танхимд мэдэгдсэн ч сайд болох хүсэлд автсан гишүүдийнхээ “шунал”-аас болоод чадсангүй, ажлын цагийг өндөрлүүлэв.

МАН дотроо дайтаж, хөлөө гэдсэндээ жийлцэж байна. УИХ-д шинээр сонгогдсон хийгээд, УИХ-д удаа дараа сонгогдсон. Мөн 1970-аад оныхон ба 1980-аад оныхон гээд үе хоорондоо үзэлцэн нармайгаа нээлцэхээс наахнуур юм болцгоож байна. Дээр нь “но” илчилсэн гэдгээс эхлээд асуудал өрнөж, хэнийг сайдаар томилох, томилж болохгүй зөвшөөрлийг Ерөнхий сайд бусдаас авах хүртлээ Үндсэн хуулиар заагаагүй эрх ямбыг шаардаж эхлэх нь тэр.

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд нь ч асуудлын наадах цаадахыг бодолгүйгээр намираад өгөх. Том зорилго бол ажлын үр дүн. Засгийн газрын сайдаар томилогдоход ажил хийж чадах эсэх нь чухал болохоос биш УИХ-д хэдэн удаа сонгогдсон, сайдаар хэдэн удаа ажилласан нь чухал биш.

Гэтэл Засгийн газрын тэргүүнд санал өгсөн 30 гишүүний хувьд өмнөх танхимд сайдаар ажиллаж байсан гишүүд хариуцлагаа үүрээд Ерөнхий сайдынхаа нэгэн адил сул гишүүнээр суух ёстой гэж “шахалт” үзүүлж эхлэв.

Цаад талдаа бол өөрсдөө л, мөн төлөөний хүмүүсээ л сайдын албанд зүтгүүлэхээр санаархаж байгаа хэрэг л дээ. Урьд өмнө олон л Засгийн газар огцорч, араас нь залгуулаад шинээр танхим бүрдэж байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг ийн шинэ нь санал өгөх нэрийн дор ил цагаан "шантааж" үзүүлж увайгүйтсэн удаагүй.

Монголчуудын хувьд 34 дэх Ерөнхий сайдыг ямар багтай ажиллаж, өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэн 14 мега төслөө хэрхэн хөдөлгөх вэ гэдгийг анхаарч байна. Зөвхөн монголчуудаар зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагч нар ч шинээр байгуулагдах Засгийн газар өмнөх засгийнхаа бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үү гэдгээс эхлээд олон асуудлыг сонирхож байгаа нь лавтай. Гэтэл “Би л сайд болохгүй бол бусад нь бас сайд болж болохгүй” гэсэн шиг аашлах нь Монгол төрийн ажлыг гацаах бас нэг шалтгаан болж буйг анхаарч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдахаа зогсооно уу.

Хэнийгээ сайдад нэр дэвшүүлж томилох нь гүйцэтгэх засаглалын тэргүүнд Үндсэн хуулиар олгогдсон эрх. Түүнд УИХ-ын гишүүн хэнбугай ч халдах, довтлох эрх үгүй. Хэрвээ нийгэмд үл хүлээн зөвшөөрөгдөх сайдыг Засгийн газрын тэргүүн санал болгон томилбол мордохын хазгай гэгч болж, танхимынх нь нас яригдаж эхэлнэ. Тиймээс  Ерөнхий сайдад Засгийн газраа байгуулах эрхийг нь олгож, хүндэтгэлтэй хандана уу, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ээ.

Ажил хий, ачаа үүр гэж 68 суудлыг өгсөн болохоос сандал суудал, албан тушаалын төлөө хэмлэлдээдэх гэж энэ их итгэлийг үзүүлээгүй. Хэрэлдэж, хэмлэлдсээр суутал 10 сар өнгөрсөн, одоо Засгийн газраа байгуулах гэж "манай танай хүн" гэж талцсаар байвал төрийн ажил улам л унах болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж