“Ахмадууд тэтгэврийн зээлээ хэнд зарцуулах нь дарга нарт хамаагүй”

Хуучирсан мэдээ: 2025.06.14-нд нийтлэгдсэн

“Ахмадууд тэтгэврийн зээлээ хэнд зарцуулах нь дарга нарт хамаагүй”

“Ахмадууд тэтгэврийн зээлээ хэнд зарцуулах нь дарга нарт хамаагүй”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ахмадууд тэтгэврийн зээлээ яах нь дарга нарт ямар хамаа байна аа. Төр иргэдийн хувийн амьдралд ямар их оролцож, иргэнээ бухимдуулж байна вэ. Хэдхэн ахмадуудынхаа тэтгэврийн зээлээр оролдохоо болино уу. Зээлээ авна уу, болино уу. Ачдаа өгнө үү, өөрөө иднэ үү, өөрийнх нь л асуудал” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Учир нь, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр /2025.06.13/ мэдээлэл хийх үеэрээ “Ахмад настнууд тэтгэврийнхээ 90 хувь хүртэл барьцаалж зээл аваад гэр бүлийнхэндээ зарцуулдаг судалгаа гарсан. Авсан зээлийнх нь зориулалтыг харахаар ахмадууд тэтгэврийн зээлээ хүүхдийнхээ сургалтын төлбөр, машин болон байрны урьдчилгаа төлбөрт нь олгоод байна. Энэ нь тэтгэврийн хөгшин амьдрахад түвэгтэй байдал үүсгэж байна гэдэг Дэлхийн банкны судалгаа гарсан байсан.

УИХ-аас 2021 онд хууль баталж тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэсэн. Тухайн үед тэтгэврийн зээлийн хэмжээ 700 тэрбумаар хэмжигдэж байсан.  Өнгөрсөн гуравдугаар сард тэтгэврийн зээлд тавих шалгуур нөхцлийг хатууруулах үед тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл 2.1 их наяд төгрөгт хүрсэн байсан. Тэтгэврийн зээлийг тэглэж байсан үеэс гурав дахин өссөн хэрэглээний зээл авсан.

Мөнгөний бодлогын хүрээнд хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого явуулж байсан. Мөн Дэлхийн банкны судалгаа, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хяналтгүй өсөж байгаа тэтгэврийн зээлэн дээр тодорхой бодлогын шийдвэр хэрэгтэй байна гэдэг санал ирж байсан учраас амьжиргааны баталгаажих доод төвшингөөс хэтрүүлж зээл олгохыг хориглосон шийдвэр гаргасан. Энэ бол огцом хатуу шийдвэр байсан гэдэг нь амьдрал дээр харагдаад, ахмадуудаас ч өнгөрсөн хугацаанд санал өргөдөл их ирсэн. УИХ дээр бас их хөндөгдөж ирсэн учраас сая тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангилал рүү оруулсан. Тэгэхээр тэтгэврийн зээл дээр хугацаа яригдахгүй. Арилжааны  банкны өөрийнх нь дотоод журмаар зохицуулагдаад явна гэж үзэж байгаа юм” гэж тайлбарласан юм.

Мөнгөний бодлогын зөвлөлийн хувьд бизнесийн зээлийг түлхүү эдийн засаг руу гаргах зорилго дор хэрэглээний зээлийг хумих бодлогыг хэрэгжүүлж байгаа ч зөвхөн тэтгэврийн зээлээр зогсохгүй бусад хэлбэрээр ч хэрэглээний зээл гарсаар буй. Энэ нь эргээд инфляци өсөх шалтгаан үүсгэж байгааг ч эдийн засагчид сануулдаг.

Гэхдээ нөгөө талд эдийн засаг дахь төрийн оролцоо хэт ихэссэн нь хувийн хэвшлүүдийн орон зайг хумьж тэр хэрээр хувийн хэвшил хийгээд иргэдийн амьдралд гай болж буй тул УИХ-ын гишүүд иргэдийнхээ амьжиргааг өөд татъя гэвэл Засгийн газрын бодлогод анхаарч, хувийн хэвшилдээ бизнес хийх эрх зүйн орчинг нь нээлттэй болгоход анхаарч ажиллахыг ч сануулж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж