“Үзэхийн хязгаар”-аас оюуны таашаал аваарай

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

“Үзэхийн хязгаар”-аас оюуны таашаал аваарай

Тэр дахиад л шинэ номоо гаргаж. Түүний шүлгүүд тийм гэхийн аргагүй “амттай”. Номнууд нь ч бас.

Намайг солонго болохын цагт
Чи бяцхан хүү болоод
Найм дахь өнгийг зурж
Тэнгэр бид хоёрыг гоёорой гэх ч юм уу

Уучлахыг нь би мэддэг
Урвахыг нь та мэддэг
Уйлаад гуйх чинь худлаа байдаг ч
Унахад чинь би таны төлөө залбирдаг
гэсэн шүлгүүдийг нь уншаад л та хэний тухай яриад байгааг минь мэдэх болно.

“Үзэхийн хязгаар”. Өвөрмөц нэртэй энэ ном таныг “Үзэхийн хязгаар” руу хөтлөх болно. Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн ийм нэртэй шинэ ном уншигч таны гарт хүрч байна. Түүний энэхүү шинэхэн бүтээлээс урьд өмнө хаана ч хэвлэгдээгүй 30 орчим эссэг уншаарай. Номын хавтасны зургийг зураач Ж.Мөнхцэцэг яруу найрагч Өлзийтөгсөд зориулан зурсан гэнэ лээ. Хавтасныхаа зураг, номынхоо нэрнээс эхлээд хүмүүсийн анхаарлыг татахуйц “Үзэхийн хязгаар”-аас та жинхэнэ оюуны таашаал амсана гэдэгт итгэлтэй байна. Уран бүтээлч эмэгтэй хүний амьдралын нууц, жинхэнэ үнэний тухай илэн далангүй бичсэн, намтарчилсан хэлбэрийн уг ном уншигчдын таашаалд нийцэх нь дамжиггүй. Америкийн уран зохиолын сэтгүүлд шүлэг нь хэвлэгдсэн анхны монгол эмэгтэй болох яруу найрагч Өлзийтөгс өмнө нь яруу найраг, үргэлжилсэн үгийн төрлөөр долоон ном бичиж хэвлүүлснийг уншигчид нь мэднэ. Мөн түүний шүлэг уран бүтээлээс орос, англи, хятад, япон, унгар, польш, румын, серб хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн бөгөөд яруу найргийн бүрэн түүврээ солонгос хэлнээ 2008 онд хэвлүүлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж