-Тэр ганзага дүүрэн ирэх үү, гар хоосон ирэх үү гэдэг нь Бээжинтэй хэр ойлголцохоос хамаарна-
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар Бээжинд хийх Ж.Эрдэнэбатын айлчлал горьдлого хүлээлт, хардлага дагуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар тус улсад тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд анх удаа албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд Бээжин хотноо болох “Бүс ба зам” Олон Улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцохоос гадна Хятадын дарга Си Жинпинд бараалхаж, тус улсын Ерөнхий сайд Ли Көчянтай хэлэлцээ хийх тухай айлчлалын албан ёсны хөтөлбөрт дурджээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн том улс төртэй зэрэгцсэн Мэргэжлийн Засгийн газрын тэргүүний урд хөршид хийх энэхүү айлчлал улс төрийн хүрээнийхний анхаарлыг гойд татахгүй байгаа ч эдийн засгийнхан, тэр тусмаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Ерөнхий сайдын Хятадтай хийх хэлэлцээг анхааралтай ажиглацгааж буй юм.
Учир нь, Хятад бол Монголын гол худалдан авагч. Төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг зэс, нүүрсний ганц худалдан авагч ч гэж онцолж болохоор. Тиймээс Ерөнхий сайдын Бээжинд хийх айлчлал Монголын эдийн засагт, ялангуяа уул уурхайн салбарт ямар шинэ мэдээлэлтэй байж чадах вэ гэдэгт ач холбогдол өгөхөөс ч өөр аргагүй юм.
Ерөнхий сайдын айлчлалын гол зорилго нь өнгөрсөн өвөл дуулиан тарьсан Далай ламын айлчлалаас болж урд хөрштэй бага зэрэг сэвтсэн харилцаагаа сэргээх, эдийн засгийн томоохон төслүүдээ хөдөлгөх, Хятадын Засгийн газраас авахаар тохиролцсон зээл, тусламжаа эргэн сануулахад чиглэгдэж байж болох. Энэ дашрамд, Монголын үе, үеийн Засгийн газрын тэргүүнүүд урд хөршид очоод баахан ажил ярьж, багагүй санамж бичиг байгуулдаг ч монголчууд үргэлж ярьсан тохирсноосоо бултдаг, мартдагт Хятадын удирдлагууд шүүмжлэлтэй ханддагийг сануулахад илүүдэхгүй биз.
Энэ мэт олон шалтаг, шалтгаануудаас үүдээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урд хөрштэй хийх хэлэлцээ хүнд нөхцөлд, түүний хувьд хэр зангарагтай улстөрч вэ гэдгийг шалгах шалгуур болж болзошгүй байна.
Хэрэв тэр Бээжинтэй тохирч чадвал УИХ-ын дарга М.Энхболдын aйлчлалын хүрээнд яригдсан хоёр хүртэл хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай 4.2 тэрбум ам.долларын хөгжлийн зээлийн асуудал, 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас манай улсад нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй өгөхөөр болсон зээл нааштайгаар шийдэгдэж магадгүй юм.
Монголын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдвал нийтдээ 5.5 тэрбум ам.долларын урсгал нээгдэхээр болсон ч газрын доорх эрдэс баялгаа эргэлтэд оруулж, томоохон төслүүдээ хөдөлгөхгүйгээр монголчууд хямралаас гарах боломжгүй.
Төмөр замгүй, далайд гарцгүй, хөлгүй, мөнгөгүй Монголын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахад Хятадын төмөр замын сүлжээг ашиглахаас өөр боломж харамсалтай нь, үгүй.
Өнөөдөр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өдрөөс өдөрт өсч байгаа хэдий ч Монголын нүүрс хятадын ченжүүдээс хараат, үнийг нь дундын зуучлагчид л тогтоож байгаа. Тэгэхээр эцсийн хэрэглэгчдэд нүүрсээ зарах, тээвэрлэлтийнхээ асуудлыг шийдэх нь Монголын гол зорилго болсон. Гэхдээ энэ асуудлыг монголчууд дангаараа шийдэж чадахгүй. Гол худалдан авагч, эцсийн хэрэглэгчидтэйгээ тохирох, хөрөнгө оруулалт татах гээд олон зовлон бэрхшээл бий.
Олон жил хүлээлт дагуулсан төслүүдээ эргэлтэд оруулахыг эдийн засаг шахаж шаардсан хэвээр байгаа бөгөөд Ерөнхий сайдын айлчлалаар хөндөгдөх сэдвүүдэд таг гацсан Тавантолгойн хөрөнгө оруулалт, Монголын нүүрсийг гуравдагч зах зээл рүү гаргах асуудал багтах болов уу.
Эцэст нь Хятад дахь Ж.Эрдэнэбатын 48 цагийн хөтөлбөр ач холбогдолтой болох үгүй нь зөвхөн монголчуудын төдийгүй хятадуудын , бас оросуудын ч сонирхлыг татаж байна. Тэр ганзага дүүрэн ирэх үү, гар хоосон ирэх үү гэдэг нь Бээжинтэй хэр ойлголцохоос хамаарна.
Ж.ЭРХЭС