Нидерланд улс өнөөдөр /2017.03.15/ парламентын сонгуулийг явуулж байна. Гол өрсөлдөөн өнөөгийн Ерөнхий сайд Марк Рютте-гээр толгойлуулсан Эрх чөлөө, ардчиллын төлөөх ард түмний нам, Герт Вилдерсээр удирдуулсан барууны байр суурьтай Эрх чөлөөний намын хооронд явагдана гэж ажиглагчид үзэж байна.
Сүүлийн үед Европт популист хандлага давамгайлж байгаа энэ цагт Нидерландын сонгууль европчуудын популист хандлагыг тандах барометр болно гэж хэвлэлүүд бичиж байгаа юм.
Орон нутгийн цагаар санал авах байрууд өглөөний 9.30 цагт нээгдсэн бөгөөд орой 23.00 цагт хаагдана. Сонгуульд нийтдээ 13 сая иргэн оролцоно. Нийтдээ сонгуульд улс төрийн 28 нам өрсөлдөж байгаа. Урьдчилсан тандалтаар эдгээр 28 намаас босго болох сонгогчийн 20 хувийн саналыг авсан нам гараагүй ч гол өрсөлдөөн дээр өгүүлсэн хоёр намын хооронд болох нь тодорхой гэж ажиглагчид үзэж байна.
Зарим судалгааны төвийн урьдчилсан таамгаар Эрх чөлөө, ардчиллын төлөөх ард түмний нам 24-28 суудал /одоо энэ нам парламентад 40 суудалтай/, харин Эрх чөлөөний нам 19-22 суудал авах тооцоо гаргажээ. Нийтдээ Нидерландын парламент 150 суудалтай.
А.ТУЛГА