Хойд Солонгосын пуужин гольфийн талбайд “туслаа”

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын пуужин гольфийн талбайд “туслаа”

Фото: Kim Hong-Ji / Reuters

АНУ, Японы лидерүүдийн уулзалтад БНАСАУ-ын пуужингийн туршилт саад болов. АНУ-ын ерөнхийлөгч  Дональд Трамп, Японы ерөнхий сайд Шинзо Абе нарын ням гаригт гольф тоглох төлөвлөгөөнд Хойд Солонгосын лидер Ким Чен Ун оролцохыг хүсчээ. БНАСАУ Япон тэнгист дунд тусгалын пуужин туршсан нь АНУ-ын ерөнхийлөгч шинээр сонгогдсоны дараа хийж буй анхны туршилт.

Пуужингийн туршилт хийсэн шалтгааныг одоогоор гурван янзаар тайлбарлаж байна. Нэгдүгээрт, Цагаан ордны шинэ эзний эр зориг, шийдэмгий эсэхийг харах. Хоёрдугаарт, Хойд Солонгосын лидерийн эцэг Ким Чен Ирийн төрсөн өдөр тохисон. Гуравдугаарт, Вашингтоноос хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санал тавьсны хачин хариулт байж болох юм. 

Хойд Солонгосын пуужин хөөргөсөн мэдээ АНУ болон Японы лидерүүд Флорида муж дахь Трампын өргөөнд гольф тоглож байх үед нь иржээ. Хойд Солонгосын баруун эргийн Хойд Пьёнган мужийн Банхён баазаас пуужин хөөрсөн байна. Бараг 500 орчим км замыг туулж ниссэн пуужин далайд унажээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр “Масудан” гэх дунд тусгалын пуужин хөөргөсөн байх магадлал өндөр байгаа аж. Пуужингийн нислэгийн зам өмнө нь 2016 оны найм,  аравдугаар сард хөөргөсөн пуужингийн нислэгтэй адил байжээ. Тус яам энэхүү үйл явдлыг “АНУ-ын  шинэ ерөнхийлөгчид өгч буй сануулга буюу түүний хандлагыг харах гэсэн нэгэн төрлийн оролдлого байж магадгүй" хэмээн үзэж байгаа аж. 

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп хэрэв ерөнхийлөгч болбол Хойд Солонгосын цөмийн амбицийн эсрэг зогсоно гэдгээ нэг бус удаа мэдэгдэж байсан.  Түүнийг Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрөөс илүүтэйгээр  Өмнөд Солонгос, Япон дахь америкийн цэргийн бүтцийн зарлага илүү зовоож байсан гэдэг. "Хэрэв холбоотнууд илүү зардал гаргахгүй бол  Америкийн цөмийн шүхрийг эргүүлэн татна. Тэд өөрсдөө цөмийн зэвсэгтэй болно биз" гэсэн мэдэгдэл нь Токио болон Сөүлийг түгшээж байв. Тэгвэл эдгээр мэдэгдлүүд нь сонгуулийн сурталчилгаа байсныг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттисийн Токио, Сөүлд хийсэн айлчлалууд гэрчилж байна гэж үзэж байна. Дональд Трамп Японы ерөнхий сайдыг хүлээж авахдаа “Япон улсыг 100 хувь дэмжинэ” гэдгээ онцлон тэмдэглэжээ. 

Өмнөд Солонгосын шинжээч Ян Му Чин  Хойд Солонгосын хөөргөсөн пуужинг Ким Чен Ирийн ойд зориулсан байх гэсэн таамаглалыг AFP агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ. 

Өөр нэг хачирхалтай зүйл байгаа нь, АНУ болон Хойд Солонгосын үерийн дараах хохирлыг арилгахад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санал дэвшүүлснээс нэг хоногийн дараа уг туршилт хийгдсэн байгаа юм. 2016 оны зуны сүүлчээр 1945 оноос хойш гараагүй их үер Хойд Солонгост болж,  140 мянга гаруй айл орон гэргүй болж, 133 хүн амь үрэгдэн, 400 орчим хүн  сураггүй болсон гэгдэж байгаа билээ.  

Хойд Солонгос НҮБ-аар дамжуулан олон улсын тусламж хүссэний дараа АНУ ийнхүү хагас жилийн хугацаанд туслах саналаа илэрхийлсэн байлаа.  Магадгүй, пуужингийн туршилт  тэрхүү хожимдсон  саналд нь өгсөн хариу  байхыг ч үгүйсгэхгүй гэж шинжээчид үзэж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж