Уран гулгалтын мастер Евгений Плющенко ОХУ-д зохион байгуулах 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний элчээр сонгогджээ. ДАШТ-ий тоглолтуудыг хүлээн авах Сочи хотыг тэр төлөөлөн сурталчлах аж. “Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оросын 11 хотод болно. Миний хувьд Сочи хотын элчээр ажиллах болсон нь нэр төрийн хэрэг” гэж олимпийн хошой аварга Плющенко ярьжээ.
Тэрбээр дөрвөн олимп дараалан оролцохдоо 2006 оны Турин, 2014 оны Сочигийн олимпод түрүүлж, хоёрт нь аман хүзүүдсэн юм. Мөн Плющенко дэлхийн гурав, Европын долоон удаагийн аварга цолтой.
FIFA-гийн Удирдах зөвлөлөөс 2010 оны арванхоёрдугаар сард ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг ОХУ-д олгосон юм. Өдгөө Орос даяар дэлхийн аваргын бэлтгэл ажил өрнөж байна. Дэлхийн аваргын тоглолтууд нийслэл Москва хотоос гадна Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Ростов-на-Дону, Нижний Новгород, Екатеринбург болон Самара гэсэн 11 хотод болно. Тэмцээн 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд болохоор товлогдоод байгаа юм.
С.ЦЭЛМЭГ