Б.Нэргүй: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоол хүнсэнд төсвөөс нэг ч төгрөг зарцуулдаггүй

Хуучирсан мэдээ: 2016.09.01-нд нийтлэгдсэн

Б.Нэргүй: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоол хүнсэнд төсвөөс нэг ч төгрөг зарцуулдаггүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн өдрийн хоолны төсөв 1,3 сая төгрөг байдаг гэсэн зүйл сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тарах болов. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Ерөнхийлөгчийн төсвийн шууд захирагч Б.Нэргүйгээс тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн өдрийн хоолны төсөв 1,3 сая төгрөг байдаг гэсэн зүйл сүүлийн үед олон нийтийн сүлжээнд харагдах боллоо. Ерөнхийлөгчийн төсвийн шууд захирагчийн хувьд таниас тодруулахад Монгол Улсын Ерөнхийлөгч хоолны төсөвтэй, тэр нь ийм өндөр байдаг уу?

-Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн шууд захирагчийн хувьд өөрийн тань асуултад хариуцлагатайгаар хариулт өгье.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн албанд найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэр бүлд болон хувийн хэрэгцээ, хоол хүнсэнд нь төсвөөс нэг ч төгрөг зарцуулж байгаагүй, тийм зардал ч төлөвлөгдөж тусгагддаггүй юм.

Харин ч Монгол Улсын Ерөнхийлөгч бидэнд зардлаа багасгаж, төсвөө бодитой төлөвлөж, аль болох хэмнэлттэй ажиллах чиглэлийг байнга өгч ажилласнаар Ерөнхийлөгчийн төсөв жилээс жилд буурч байгаа шүү дээ.

Үүнийг ойлгомжтой болгохын тулд ганцхан тоо хэлье л дээ. 2016 оны төсвийг 2013 оныхтой харьцуулахад бид нийт төсвөө 2,3 дахин бууруулж чадсан.

Үүнийг жил жилийн Төсвийн тухай хуулиас үзэж болно.

-Ерөнхийлөгчөөс гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдөд барьдаг зоогийн төсөв гэж бий юү?

-Мэдээж хэрэг. Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд гадаад, дотоод арга хэмжээний үеэр зочид, төлөөлөгчдөд барих зоогийн төсөв бий. Түүнийг батлагдсан төсвийн хэмжээнд зарцуулдаг.

Энэ дашрамд ний нуугүй хэлэхэд зочдод барьсан зоог, хоолны зардлаа Ерөнхийлөгч хувиасаа төлчихдөг тохиолдол зөндөө л байдаг.

Иймд олон нийтийн сүлжээгээр явуулж байгаа Ерөнхийлөгч өдөрт 1,3 сая төгрөгийн хоолны төсөвтэй гэсэн худал мэдээлэл, гүтгэлгээ зогсоох хэрэгтэй. Нөгөө талаас иргэд ийм мэдээлэлд итгэх хэрэггүй юм.

                                        Д.ЦЭНГЭЛ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж