Эгч дүүсийн “сул тал”

Хуучирсан мэдээ: 2016.07.01-нд нийтлэгдсэн

Эгч дүүсийн “сул тал”

УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдээс олны анхаарлыг хамгийн их татсан хүмүүс бол эмэгтэй нэр дэвшигчид. Энэ удаагийн сонгуульд урьдчилсан дүнгээр 13 эмэгтэй нэр дэвшигч тус тусын тойрогтоо торолгүй гарч иржээ.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд, санал хураалт дууссаны дараа чтэр гомдол, маргаан огт гараагүй гэх тойрог анхаарал татсан нь УИХ-ын 51-р тойрог. Энд МАН-аас Батсүхийн Саранчимэг, Ардчилсан намаас Р.Булгамаа нар нэр дэвшин өрсөлдөж, МАН-ын нэр дэвшигч бүсгүй саналын илүүг авчээ. 51-р тойрог нийслэлийн хэмжээн дэх маргаан гараагүй ганц тойргоор нэрлэгдсэн байна. Эмэгтэйчүүд соёлтой өрсөлджээ.

Б.Саранчимэгийг онцлог харагдуулж байгаа нэг зүйл нь төрсөн дүү Б.Наранхүүгийн хамт Их хуралд сонгогдож байгаа явдал.УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн 16-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж ялсан.

Эгч дүү хоёр парламентийн гишүүн… Магадгүй, хүмүүс үүнийг сул тал нь юм шиг харагдуулах гэж оролдож болох юм.Гэхдээ тийм биш.

Хэрэв Б.Наранхүү, Б.Саранчимэг гэж хоёр хүний ажил, амьдралын замнал, төрийн хүн болж орж ирсэн түүхийг нь харвал тэд тус тусын туулж ирсэн замтай. Төрд нэг хөлөө шургуулчихаад, нөгөө хөлөөрөө арынхаа хүнийг чирдэг гэр бүлийн төлөвлөгдсөн улс төрөөс тэд өөр.

Бизнесийн салбараас улс төр рүү орсон Б.Наранхүү Дундговь аймгаас хоёр дахь удаагаа Их хуралд сонгогджээ. Түүнийг бүхэл бүтэн аймгийг чирж яваа хүн гэж хийсэн ажлынх нь голыг үнэлдэг.

Харин шинэ гишүүн Б.Саранчимэг УИХ-ын Тамгын газарт компьютерийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд олон жилийн өмнө МАН-ыг сонгож, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн НӨҮГ-ын даргаар ажиллаж байсан, төрийн ажил, албаны туршлагатай.

Мэдлэг боловсролтой, төрийн ажил даах нуруутай бол төрсөн эгч дүүс байна уу, эхнэр нөхөр байна уу, түүнийг нь шууд сул тал мэт харах нь учир дутагдалтай ч биз. Яг үнэндээ бол нэг нь ил, бусад нь далд “төрлийн сүлжээ” төрд хэдэн зуугаараа байдаг л байх.

Б.АМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж