Хүнийг сонгодог юм бол намаа тараагаач

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Хүнийг сонгодог юм бол намаа тараагаач

Хүнийг сонгодог юм бол намаа тараагаач, ардын намынхан

“Нам аа… Нам гэдэг чинь юу юм бэ”. Энэ үгийг Ар­дын намын ахмад гишүүн, Ерөн­хий сайд асан Д.Содном гуай хэлж билээ. Тийм ээ. Нам гэж юу юм бэ. Ардын намынхан сон­гуулийн тогтолцоог өөрч­лөхдөө намыг бус, хүнийг сон­гох нь чухал гэж үзээд бай­гаа. Тэг­вэл нам гэж байхын хэрэг юу байна. Тэр тус­маа Ардын на­мын мянга, мянган гишүүд байд­­гаа шавхан хандив өгөх хэ­рэггүй юм биш үү. Тэгвэл намаа тараачихаад бүгдээрээ “бие дааж” нэр дэвшицгээ л дээ. Тааллаар чинь л болъё. Ха­рин эцсийн үр дүн нь өөрсдөд чинь таа­лагдахгүй л болов уу.

УИХ Сонгуулийн тухай хуулийн тогтолцоог өөрч­лөх асуудлаар зөвшилцөлд хүрч чадсангүй. Ард­чилсан намын бүлгийн хуралдааны үеэр сон­гуулийн тогтолцооны асуудлыг хэ­лэл­цэх үед зарим гишүүн  “Наад Засгийн газраасаа гар, Сон­гуулийн тухай хуулийг өөрч­лөхийн тулд Засгийг ор­хилоо гэхэд ард түмэн биднийг баярлаад л тэврээд авна” гэж фантастик ухуул­га хийсэн ажээ. Гэвч “Дэн­­дүү олон ажил амжуулсан хам­тарсан  Зас­гийн газрын “өвөр”-т элдвээр хэлүүлэн байж хэв­тэж хэвтчихээд сонгуулийн өм­нө гар­на гэдэг тэнэг алхам” хэ­мээн сайд нарын фрак­цийн эсэр­гүүцэлтэй тулгарчээ.

Ингээд Ардын намын аясыг дага­хаас аргагүйд хүрчээ. Гэх­дээ шууд буулт хийчихээр дэндүү увайгүй хэ­­рэг болох тул “Ард нийтээсээ асууя” гэсэн шийдэлд хүрч. Харин Ар­дын намын гишүүд энэ асуудлыг хэ­лэлцэх үеэр ямаан омогтой зарим нь “Одоо л Засгийн газрыг задалдаг цаг. Манай шийдвэрийг хүлээн авч, мажоритари хувилбарыг дэмжихгүй бол хөөгөөд гарга” хэмээн аархсан гэнэ.

Энэ үеэр Ардын намын бүлгийн нэр бү­хий гишүүд “Жаахан ёс зүйтэй улс төр хийцгээе. Засгийг задалж хэ­зээ ч амжина. Одоо Ардчилсан намтай дайтах цаг биш” хэмээн цөс нь хөөрсөн нөхрөө тайтгаруулжээ. Үнэ­хээр  ч өөрийн намаас өрх тусгаар­ласан болон тусгаарлах гэж буй зүс нь танигдахгүй “дайсан” мундахгүй байхад болгоомжлол илүүдэхгүй. Ингээд мөн л ард түмнээсээ асуух нь зүйтэй гэж үзсэн байна.

Гэвч “насаараа” хуультай зуу­ралд­сан “прак­тик парламентач” Ц.Ням­дорж сайд тэргүүтэн “Байтлаасаа УИХ нь Сонгуулийн хуулиа баталж ча­дахгүй нь гээд ард түмнээс асуу­гаад сууж байх уу. Ард түмний санал асуулгыг арай өөр тохиолдолд авдаг юм” хэмээн хаалга саван гарсан су­рагтай. Ацан шалаанд орсон хоёр намын бүлэг арга буюу зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж хоёр залууг төлөөлөл болгон төсөл боловсруулах даалгавар өглөө.

Санал асуулгын томьёололыг нь гар­гаад дуустал Ардчилсан намын бүлэг “Ард түмний санал асуулга явуулах” шийд­вэрээсээ буцчихаж. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр намын бүлгийн даргыг дуудаж уулзаад “Санал асуулга явуулах” мэргэн шийдвэрийг нь буруушаасан аж. Ардчилсан намынхан мэдээж дэмжиж. Харин Ардын намынхан хам­гийн цэвэр арга гэж үзсэн энэ сон­голтоосоо няцахгүй гэсэн бо­дол тээсээр Ерөнхийлөгчийн өрөө­нөөс гар­чээ. Төрийн тэргүүн улс­төр­­чийнхөө хувьд Ц.Нямдорж сайд­­тай дадлага туршлага, хэлэм­гий долом­гой­гоороо ч ижил төстэй нэгэн. Тэв­рэл­дэж ч, тэмцэлдэж ч сурсан энэ хоёр эрх­мийг буруушааж байхад “УИХ Сонгуулийн тухай хуулиа ба­талж чадахгүй нь. Ирэх сон­гуулийг яаж явуулах вэ, хэлээд өгөөч” хэмээн хо­шуу цорвойх нь Монгол төрийн сүр хүчийг до­ройтуулах “тэнэг” арга болж мэдэх л юм.

Энэ тохиолдолд Ардчилсан на­мын­хан 38:38 гэж буулт хийж мэдэ­хээр байна. Тус намаас угшилтай сайд нарын хувьд зөв­шилцөөсэй гэж хүсч буй нь ойлгомжтой. Ха­рин намын нөхөд нь “хамтарсан” тан­химд хавчуулагдахын зовлонг тэр бүр мэдэхгүй болохоор ирэх сон­гуулийн хувь заяанд илүүтэй санаа зовж, “Пропорциональ давамгайлсан холимог хувилбарыг хүлээн зөв­шөө­рөхгүй бол “Зас­гийн газрыг огц­руулахаас өөр аргагүй” хэмээн мэдэгдэж байна.

Тэгэхээр Ц.Элбэгдорж, Ц.Ням­дорж хоё­рын үзэл бодлын өнцөг нийлээд байгаа биз. Үүнийг хэрхэн дүг­нэж болох вэ. Тухайлбал, Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдоржийн хувьд УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохгүй учраас сөрж чадахгүй байгаа сөрөг хүч­ний үүргийг биелүүлж, шударга харагдах уламжлалт алхамаа хийж байна. Ха­рин Ц.Нямдорж сай­дын хувьд сон­гуулийн ямар ч тогтцолоо, ху­вил­бар байсан тойргоосоо чигээрээ гараад ирнэ гэдэгтээ дэндүү итгэлтэй байгаа учир хууль баталж чадахгүй байгаа парламентад цу­халдаж бай­на гэж дүгнэж болохоор байна.  Тэ­гээд ч оны эцсээр инфляци өсөх ту­­хай сануулсаар байхад төсвийн 6-8 тэрбум төг­рө­гийг санал асуулга явуу­лахад зарцуулсан шийд­вэр гаргавал УИХ-ыг хэн “сайн” гэж үнэлэх билээ.

Ардчилсан намын бүлэг ху­рал­даж, Ерөнхийлөгчийн саналыг хэ­лэл­цээд “Санал асуулга явуулах шийд­вэрээсээ ухаръя. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаархи са­нал асуулгыг УИХ-ын 2012 оны сон­гуультай хамтатгаж болох юм” гэж үзсэн. Үүгээрээ Ерөнхийлөгчийн хэлс­нийг шууд дагана гэдгээ харуул­лаа. Харин Ардын намын дийлэнх ги­шүүд “Ямар ч тохиолдолд мажо­ритари да­вамгайлсан хувилбар дээ­рээ хатуу зогсоно. Тэгж яривал 38:38 ч хэрэггүй. Ард түмний санал асуулгаар шийдэх нь л хамгийн зөв арга” гэж үзэж байгаа бололтой.

Үүний цаана их юм бий. Учир нь ард түм­ний санал асуулга явуулах л юм бол хариу нь “Мажоритари да­вам­гайлсан холимог хувил­барыг дэм­жиж” таарна. Бүр жижигсгэсэн мажо­ритарийг дэмжиж байна гэсэн хариу гарсан ч  гайхах хэрэггүй. Санал тоолж байхдаа луй­вардаж чаддаг Ар­дын намынхан санал асуул­гын хариуг харин ч нэг самарна биз дээ. Сая­хан “Эх орон, тусгаар тогтнол, шу­дарга ёс” хө­дөлгөөнийхөн тэр санал асуулга гэгчийг чинь зохион бай­гууллаа. Хүссэн үр дүнгээ гаргаж авч болдог юм байна. Ард түмэн бол зү­гээр л тоглоом юм.

Жишээ нь та тэр санал асуулгад оролцсон уу. Би лав оролцоогүй. Нэг удаа оюутан залуу тэр хөдөлгөөнөөс явж байна, үүнийг бөглөөд өгөөч” гээд санал асуулгын хуудас шиг юм өгсөн. Аваад хартал “гэрийн хаяг, утасны дугаар, регистрийн дугаар” гэсэн маягтыг хүртэл бөглөх ёстой гэнэ. Хэн Засгийн газар муу ажиллаж байна гэсэн хариулт өгчихөөд тэр маягтыг бөглөх вэ дээ. Маргааш хар хувцастай хүмүүс ирээд, үл ялиг шалтгаанаар ачаад явбал яана. Ингээд “Санал асуулгын хуудас ийм байдаггүй юм гэж Н.Энхбаяр ахдаа хэлээрэй” гээд хуудсыг буцаагаад өгсөн. “За” гээд яваад өгнө билээ, хөөрхий. Монголд санал асуулгыг ингэж ойлгодог ажээ. Үүгээр төрийн хэргийг шийднэ гэдэг дэндүү аюултай бус уу. Төрийн эрх барих дээд байгууллагаа ингэж сонгодог юм уу. Тэгээд бас ардчилсан орон гээд байгаа юм. Орон нутагт нэгэн ямбий байшинд байрлах дэн буудал “Таван одтой зочид буудал” гэсэн хаяг хатгасан байхыг харж билээ. Манай ардчилсан зарчим яг ийм болчихоод байна. Ардчилсан нам нэртэй л болохоор л тэгж хэлээд байна уу. Чанарын хувьд Монголын улс төрийн намуудаас хамгийн ардчилсан үзэл бодолтой нь Н.Алтанхуягийн нам юм уу гэдэг өөр ойлголт. Гэтэл Ардын нам ард нийтийн санал асуулгаар халхавч хийж, тэдний хүсэл зоригийн эсрэг шийдийг гаргах гээд байна. Яах вэ. Та саналаа өгөх үү.

У.ОРГИЛМАА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж