Батлан хамгаалах яам, Зам тээврийн яам, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран "Зүүн хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрсөн долоо хоногт /2016.05.27/ Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, профессор,хурандаа Б.Мөнхсайхан, Зам тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн С.Батболд нар тавьсан бол хавсралт илтгэлийг Хятад улсын Олон улсын Стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач, ахлах хурандаа Чэнь Вэй, ОХУ-ын Улаан Үд хотын Хөдөө аж ахуйн академийн доктор, профессор Вячеслав Дамбаев, ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Мөнхтуяа нарын 12 эрдэмтэн судлаачид тавьсан юм. Хурлыг нээж Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан үг хэлсэн бөгөөд Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХИС-ийн дэд захирал, хурандаа Д.Баасандамба нарын албаныхан оролцсон юм. Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд хуралд дотоодын эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиудын эрдэмтэн судлаачдаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, БНАСАУ болон Энэтхэгээс судлаачид оролцдогоороо онцлог юм.
Монгол Улсын аюулгүй байдлыг хангах нь улс орны батлан хамгаалах эрх ашгаас үүдсэн бүх салбарын эрх ашиг, зохицуулалттай уялдаатай өргөн хүрээний асуудал байдаг тул бид өмнөх хурлуудыг 2013 онд “Зүүн хойд Азийн аюулгүй байдал”, 2014 онд “Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал”, 2015 онд “Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдал” зэрэг сэдвүүдээр хийсэн. Эдгээр хурлыг зохион байгуулахад Батлан хамгаалах яам хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж гол үүргийг гүйцэтгэсний зэрэгцээ 2014 онд Эрчим хүчний яам, 2015 онд Байгаль орчин ногоон хөгжлийн яам болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран дэмжиж оролцож байсан. Энэхүү олон улсын хурал нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар олон улсын болон өөрийн орны эрдэмтэн судлаачидтай оюун бодол, санал санаачлагаа хуваалцах боломж олгохоос гадна батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны өргөн цар хүрээг бусад салбаруудад ойлгуулахад чиглэсэн чухал арга хэмжээ болж ирсэн.
Энэ удаагийн олон улсын хурлыг “Зүүн хойд Азийн дэд бүтцийн хөгжлийн стратегийн ач холбогдол, чиг хандлага” гэсэн сэдвээр Зам тээврийн яамтай хамтран зохион байгуулсан юм. Өнөө үед манай хоёр хөрш их гүрнүүд ОХУ “Евроазийн эдийн засгийн холбоо”, БНХАУ “Нэг бүс, нэг зам” зэрэг санаачлагуудыг гаргасан бол манай улс “Талын зам төслийн санаачлага дэвшүүлээд байгаа билээ. Эдгээр санаачлагуудын бүс нутгийн стратегийн ач холбогдол, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, харилцан хамаарлын шинжлэх ухааны үндэслэлийг хамтран хэлэлцэж, санаа бодлоо нэгтгэх нь бүс нутгийн эрдэмтэн судлаачдын өмнө тулгамдсан асуудал болсон учир энэхүү сэдвээр олон улсын хурал зохион байгуулсан нь энэ.
ЭХ СУРВАЛЖ: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ