Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Амтлаг донтуулагч

Өдгөө бидний өдөр тутмын хэрэглээний салшгүй хэсэг тооцогдох зүйл бол чихэр. Гурван цагаан хорны нэг гэдэг ч хүн төрөлхтөн чихрээс татгалзаж чадах зүрх зориггүй байсаар өдийг хүрчээ. Дорно дахины өргөн хэрэглээний нэг болсон чихрийг өрнөдийнхөн дөнгөж Загалмайтны аян дайны үеэр л амталж эхэлсэн гэдэг. VIII зууны үеэс Испани, Францын өмнөд хэсэгт анх чихрийн нишингэ тариалж эхэлсэн байна. Дараа нь Португаличууд Мадейра, Азор, Ногоон хамрын арлуудад тариалах болжээ. Кристофр Колумб Америк тивруу аялсан 2 дахь аялалынхаа үеэр чихрийн нишингэ авч явсан бөгөөд 1493 онд Санта Домингод тариаллаж эхэлсэн. Үүний дараа чихрийн нишингийн том тариалангуудыг байгуулж хар арьст боолуудыг албадан ажиллуулах болов. Элсэн чихэр дэлхийн колоничлогчдын түүхэнд ингэж бичигдсэн билээ. Анх тансаг хэрэглээнд тооцогдож байсан чихэр XIV-XV зууны үед Англид хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг тэр­гүүл­ж зөвхөн эмчилгээний зорилгоор төрөл бүрийн эм, химийн бодисын найрлагад оруулдаг байв. Харин бүр сүүлд буюу XIX зууны дунд үеэс олон нийтээр хэрэглэх болсон юм.

Өнөө үед чихрийн үйлдвэрлэлийн 60 орчим хувийг чихрийн нишингээр, үлдсэн хэсгийг чихрийн манжингаас гаргаж авдаг. Saccharumofficinalis буюу чихрийн нишингэ нь буудайн төрлийн, халуун оронд ургадаг ургамал бол чихрийн манжин нь шанцайн төрлийн ургамал бөгөөд ургамал судлалд beta vulgaris гэж нэрлэдэг. Чихрийн нишингэ ургадаггүй сэрүүн оронд илүү их тариалдаг. Чихрийн манжин нь орчин үеийн худалдааны ургамлуудаас хамгийн өргөн тархсан ургамал юм. 1747 онд Германы химич Андреас С.Марграфф анх чихрийн манжинг нээж 1802 онд Силезид үйлдвэрлэлд шилжүүлэв. XVIII зууны сүүл үеэс Германд чихрийн манжингийн үндсэнд агуулагддаг 1-4 хувь орчим сахарозыг 15-20 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Гэхдээ чихрийн нишингэ болон манжингаас элсэн чихэр гаргах явцад уураг, витамин, минерал зэрэг чухал тэжээлийн бодисууд нь алдагдаж дан сахар үлддэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Чихрийн манжинд чихрийн нишингийг бодвол сахар их хэм­жээгээр агуулагддаг бөгөөд нийт жингийнх нь 20 хувь нь сахар байдаг. Чихрийн манжингаас элсэн чихэр гарган авахынтулд эхлээд манжингийн шүүсийг шахаж аваад шүүлтүүрээр гадны бодисыг нь шүүж цэвэрлэнэ. Дараа нь манжингийн шүүсийг ууршуулан элсэн чихрийн талс­тыг гаргаж авна. Үүний дараа талстуудыг ангилдаг байна. Цэвэр талст бүхий элсэн чихрийн 8-10 талт талс­тууд гэрлийг тал бүр тийш ойлгон, бүх өнгөний нэгдэл цагаан өнгийг үүсгэдэг. Иймээс л энгийн нүдээр элсэн чихэр цагаан харагддаг ажээ.

Зайлшгүй хэрэглэх шаардлагатай хүнс биш ч гэлээ бид түүнээс салж чадахгүй л байна. Салж чадахгүйн дээр чихрийн хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа юм.

Чихрийн дундаж хэрэглээтэй хүн өдөрт 128 халбага чихэр иддэг гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ. Энэ нь бидний өглөө, өдөр, оройн хоолонд, ууж буй цай, кофе гээд бүхий л зүйлст чихэр агуулагдаж байгааг илэрхийлсэн тоо юм. Зөгийн бал, кофендоо нэмсэн ганц дөрвөлжин ёотон, тавган дээрээс авч үмхсэн ганц ширхэг чихэр, нэг нүд шоколад гээд амттай бүхэнд дурласан чихрэн тэжээлтэн болсон гэж хүн төрөлхтөнийг тодорхойлоход буруудахгүй болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эмч домч, гэр бүл, танилын хүрээнд яригдаж буй олон асуудлууд дунд, хүүхэддээ анхааруулан айлгадаг шүдний өвчин, чихрийн шижин, таргалалт гээд олон сөрөг зүйлс байдаг ч бид амттанг амандаа хийж байхдаа бидний биенд үзүүлэх нөлөөллөөс нь илүүгээр амтыг нь л чухалчилдаг билээ. Өнгө өнгөөр алагласан цаастай, өөр өөрийн өвөрмөц амттай чихрэн бүтээгдэхүүнүүд бидний тархины хамгаалах дохионоос түрүүнд шүлсний булчирхайг минь ажиллуулж орхидог биш гэж үү. Чихрийн донтуулагч чанар нь аливаа төрлийн мансууруулах бодисоос огтхон ч дутахгүй. Хэрэв тиймгүй бол бид арааны шүлс асгаруулсан амтлаг зүйлсийг харахдаа ядаж л шүдээ сайн угаах ёстойгоо санах байсансан. Францын эрдэмтэн Бордо кокайнд донтсон хулганыг дуртай мансууруулагч болон чихэртэй савруу аваачих хонгилоор гүйлгэж туршихад хулгана чихэр лүү явах замыг нь сонгосон байна. Энэ нь ямар ч хөхтөн амьтан байгалиасаа чихэрлэг зүйлийн сайхан амтанд шунадаг зангийн нэг нотолгоо болжээ. Дэлхий нийтээр эдийн засгийн хямрал, халдварт өвчлөл, ажилгүйдлийг л дуулиан шуугиантай мэдээлэл болгон авч үздэг ч тэдгээр асуудлуудынх нь нэг шалтгаан болсон чихэртэй холбоотой мэдээлэл, тоо баримт, түүнээс үүсгэгдэж буй аюулыг тэр бүр онцгойлон авч үзэхгүй байгаа нь харамсалтай. Чихэр болон амттан үйлдвэрлэгчид, чихрийн хэт хэрэглээг эсэргүүцэгчидийн маргаан жижигхэн хүрээлэл дунд өрнөж байдаг. Бид донтогч хүмүүс гэдгийг архи, тамхи, тодорхой нэршил бүхий мансууруулагч ургамалтай л холбон үздэг бол чихэрт донтогчид тэднээс дутахгүй байдаг. Чихрийн хэрэглээний талаарх мэдээлэл олж авах чадваргүй байдаг бага насны хүүхдүүдэд эргэн тойрных нь хүмүүс хамгийн гол эх сурвалж болж өгөх хэрэгтэй юм. Хүүхдээ аашлах үед нь тайвшруулах гэж, уйлсан үед нь аргадах гэх мэтээр томчууд чихрийг үргэлж буруу зүйлд ашигладаг. Бага наснаас эхэлсэн энэ буруу хэрэглээ нь цаашид чихэрт донтогчдийг төрүүлдэг нь хамгийн том алдаа болж байна.

ЧИХРИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СҮҮДЭР

Чихэр гэдэг нэгэн үе тансаг зэрэглэлийн хэрэглээ байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам түүний зэрэглэл буурч эхэлжээ. Энэхүү буурсан зэрэглэл нь хүмүүст бялуу, жигнэмэг, мөхөөлдөс, хийжүүлсэн ундаа хэлбэрээр хүрч байна.

Цагаан элсэн чихэр нь дүрээ хувирган шил, лаазанд савласан хямд үнэтэй жимс болон хүнсний ногоонд агуулагдан хэрэглэгчдэд хүрдэг.

Хөлдөөгчийг зохион бүтээснээр хүмүүс чихрийг мөхөөлдөс хэлбэрээр хэрэглэж эхлэв.

1904 онд Миссури мужийн алдарт оргилуун дарс, DR.PEPPER, конус хэлбэрт зайрмаг нь хооллох соёлд шинэ хувьсал болжээ.

Чихрийн нишингийн тариалалт манай гариг дээрх бусад төрлийн тариаланд асар их хохирол учруулсан.

Хийжүүлсэн ундаа нь чихэрлэг илчлэгийн гол эх үүсвэр болж байна.

Чихэр болон шоколадны үйлдвэрлэл Зул сар, улаан өндөгний баяр, төрсөн өдөр, хурим, халлоуйн зэрэг бүх төрлийн баяруудын зүрх нь болж байдаг.

Кока кола дангаараа нэг тэрбум хүний өдөр тутмын хэрэглээний үнийн дүнгийн 47 тэрбумыг эзэлж байна.

Чихрийн нишингийн соёл сармагчин, шувуу зэрэг 16 төрлийн амьтан, ургамалын олон сая зүйлийг устгаж байдаг.

1985 онд чихрийн шижин өвчтэй хүний тоо ойролцоогоор 30 сая байсан. Тэгвэл 2000 онд энэ тоо 171 сая болж өссөн бол 2030 он гэхэд дор хаяж 366 саяд хүрч хоёр дахин өсөх хандлагатай байна.

Таргалалт өдөөгч гол буруутан элсэн чихэр нь 2 төрлийн чихрийн шижин өвчин,зүрхний эмгэг өвчтэй болоход голлон нөлөөлж эхэлжээ.

Н.СОНСГООД

Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж