Хакухо 32 түрүүлж, бахархмаар ёкозүна болсонд баяртай байна

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Хакухо 32 түрүүлж, бахархмаар ёкозүна болсонд баяртай байна

Асашёорюү: Хакухо 32 түрүүлж, бахархмаар ёкозүна болсонд баяртай байна

Японы news-postseven.com цахим хуудаснаа мэргэжлийн сумогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржийн ярилцлага нийтлэгдлээ. Тэрхүү ярилцлагыг www.horom.mn цахим хуудас та бүхэндээ хөрвүүлэн хүргэж байна.

…Асашёорюү зодог тайлаад таван жил өнгөрлөө. Монголд хувиараа бизнес эрхэлж буй түүнтэй уулзан ярилцлаа.

-Та саяхан Японд ирээд буцваа даа?

-Барилдаж байхад минь надад их тус болсон нэг хүнтэй уулзах гэж ирсэн юм. Бас сумо үзлээ. Үзэгчийн хувиар сумо үзэх сонирхолтой юм. Одоо барилдаж байгаа бөхчүүдэд зарим юмыг заагаад өгчихмөөр санагдах л юм. Гэхдээ аль болох л чимээгүй байхыг хичээлээ. Уг нь би чинь сумогоор мэргэшсэн хүн шүү дээ.

-Өчигдөр Ичиножёо Хакухотой барилдлаа. Барилдаан ямар санагдав?

-Ичиножёо өнгөрсөн есдүгээр сарын башёд Хакухотой таараад үлбэгэр унасан яг л тэр хэвээрээ. Би бол анх ёкозүнатай барилдахдаа юу ч бодохгүй мөргөөд л үзье. Ёкозүна нь ямар хатуу байдгийг мэдье гэж бодож барилдаж байсан. Давах тухай бол ёкозүнатай хоёр дахиа барилдахдаа л бодьё гэж бодож явлаа.

-Гэхдээ Ичиножёо одоо дөнгөж 21 настай шүү дээ. Сумод зургаан л башёд барилдаж байна…

-Тэр ямар ч хамаагүй. Үнэхээр сайн бөх болохоороо л дээд зиндаанд барилдаж байгаагаас хойш чинээндээ тултал л хичээх хэрэгтэй.

/Ярилцлага авч байх үеэр Асашёорюүгийн ажлын өрөөний зурагтаар сумо гарч байлаа. Арваннэгдүгээр сарын барилдаанд түүний дүү Хакухо 32 түрүүлж, Тайхогийн дээд амжилттай эн зэрэгцэж буй нь телевизээр гарсан юм/

-Та ч гэсэн Хакухогийн адил энэ л амжилтыг эвдэх гэж тэмүүлж байсан. Хакухогийн зорьсондоо хүрч буйг хараад шаралхалгүй баярлаж чадах болов уу? Та Хакухогийн 32 түрүүлсэн тухайд ямар бодолтой сууна вэ?

-Хакухо эхлээд миний зорилгоо болгож явсан Чиёнофүжигийн 31 түрүүлсэн амжилттай эн зэрэгцсэн. 31 түрүүллээ ч гэсэн энэ бол маш өндөр амжилт. Одоо бүр 32 түрүүлчихлээ. Тэгэхээр одоо бол аль хэдийнэ бахархмаар ёкозүна болчихлоо. Би үнэхээр баяртай байна. Би ч гэсэн 20 түрүүлтлээ залуу нас, бяр хоёроороо л зүтгэсэн. Харин 25 түрүүлсний дараагаар бэртэл ч аваад, бас бус балай асуудлаас болоод 32 түрүүлэх тухай бодож чадахааргүй болсон доо.

-Та үүндээ харамсаж байна уу?

-Өө, одоо яалтай ч билээ дээ. Тэгэхдээ би шалтаг тоочихгүй ээ.

Орчуулсан Ч.ЧИНБАТ

Эх сурвалж: www.horom.mn

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж