
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Монголын Алт” МАК ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж буй Хийт бетонын үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай эхлээд танилцсан. Тус үйлдвэрийн эхний ээлжийг 2014 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд ингэснээр жилдээ 270 000м3 хийт бетон үйлдвэрлэж, цаашдаа хүчин чадлыг нэмэгдүүлэх аж. Мөн үйлдвэр ашиглалтад орсноор 100 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, барилгын салбарт хэрэглэж байгаа чанарын шаардлага хангаагүй хөөсөн бетон, тоосго зэрэг ханын дүүргэгч материалуудыг орлоно. Түүнчлэн олон улсын стандартад нийцсэн, хүний хөдөлмөр хөнгөвчилсөн, дулааны алдагдалгүй эрчим хүчний хэмнэлттэй шинэ дэвшилтэт ханын материалыг үйлдвэрлэх юм.
Харин жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Хөх цавын цементийн үйлдвэр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд баригдаж байгаа бөгөөд анхны төлөвлөснөөр бол ирэх оны хоёрдугаар улиралд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх байсан ч гадаадын ажиллах хүчний квот болон санхүүжилтийн асуудлаас болж төслийн хэрэгжих хугацаа гуравдугаар улирал хүртэл хойшлоод байгаа тухай Хөдөлмөрийн сайдад дуулгасан.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор 650 гаруй байнгын ажлын байр шинээр нэмэгдэж, дотоодын цементийн хэрэгцээний 50 орчим хувийг ханган улс, орон нутгийн төсөвт бодитой хувь нэмэр оруулахаас гадна бүтээгдэхүүний өртөг харьцангуй хямд байж, барилгын салбарын өртөг зардал буурч, орон сууцны барилгын 1м2 талбайн үнийг багасгахад бодитой нөлөө үзүүлэх юм байна. Тус үйлдвэрийн онцлог давуу тал нь цементийг хуурай аргаар үйлдвэрлэж, шинжлэх ухаан технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг бүрэн нэвтрүүлсэн, бүрэн автоматчлагдсан, ус, эрчим хүч, түлш, металлын зарцуулалт болон тоосжилтын хэмжээ хамгийн бага байх юм.
Мөн тус аймгийн Мандах суманд баригдаж байгаа Цагаан суварга зэс молибденийн баяжуулах үйлдвэрийн төслийн явцтай Хөдөлмөрийн сайд танилцлаа. Тус баяжуулах үйлдвэр нь Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийн 60-70 хувьтай тэнцэхүйц хүчин чадалтай аж. Уурхайн хүчин чадал нь жилдээ 14,6 сая тонн, 300 мянган тонн зэсийн баяжмал, 5000 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэх юм. Энэхүү үйлдвэрийг тус компанийнхан 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд тулгамдаж байгаа бэрхшээл нь мөн л гадаадын ажиллах хүчний квотын асуудал байгаа гэнэ.
Дээрх гурван төсөл хэрэгжсэнээр 2000 гаруй байнгын ажлын байр шинээр нэмэгдэх бөгөөд ажиллах хүчин бэлтгэх тал дээр Хөдөлмөр яам “МАК”-тай хамтран ажиллах гэрээ хийнэ гэдгээ салбарын сайд хэлсэн. Дашрамд дурдахад одоогийн байдлаар Цагаан суваргын уурхайн төсөл дээр нийт 150 гаруй Монгол ажилчид ажиллаж байгаагийн 60 орчим хувь нь Мандах сумын иргэд ажээ.