Хүсэл байвч чадвар байхгүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Хүсэл байвч чадвар байхгүй гэнэ

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн гурван жилийн турш “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг хэлэлцсэн. Энэ хүрээнд нийт 100 мянган айлын орон сууц барина. Салбарын сайдын хэлж буйгаар уг ажилд  хэн, ямар үүрэгтэй оролцох, хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас гаргах зэргийг нарийн тооцоолсон ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нар өчигдөр барилгын салбарынхны өмнө тулгамдаж байгаа асуудлыг хоёр цагийн турш сонслоо. Төр засгаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулахдаа тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэдийн саналыг зайлшгүй сонсох шаарлагатай гэсэн зарчмын хүрээнд ийн уулзаж байгаа аж. 

Барилгын салбарынхны ярианаас үзвэл тэд үйл ажиллагаагаа чадан, ядан явуулж байгаа гэнэ. Харин “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх сургаар одоо л нэг “нар” нь гарч байгаа юм  байна. Энэ завшааныг ашиглаад ирэх 20 жилд ямар нэгэн зүйлд санаа зовохгүйгээр ажиллахыг хүсч байгаа аж. Засгийн газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны холбогдох хүмүүст талархаж байгаагаа ч илэрхийлээд амжив. Талархахын зэрэгцээгээр илүү ихийг хүсч байгаагаа ч энэ үеэр уламжилсан юм.

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын удирдлага ямар санал гаргасныг товчлон хүргэе.

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн М.Түмэнжаргал:

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор өгч буй зээлийн хэмжээг  нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Гадаадаас импортолж байгаа барилгын материалын татварыг бууруулах боломж бий эсэхийг ч асууя. Барилгын материал үйлдвэрлэгчдийн хувьд татвар, хүнд суртлын дарамттай байнга тулгардаг. Ашигт малтмалын газрынхан түгээмэл тархалттай барилгын материалын орд газрыг ашиглах зөвшөөрлийг бусад үнэт металлын орд газрынхтай адилтган үздэг. Энэ асуултыг сүүлийн таван жилийн турш тавьж байна.

Барилгын үндэсний ассо­циацийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр:

-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой Засгийн газрын шийдвэрүүд сүүлийн үед ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Шийдвэрийг гаргахдаа салбарын яам, барилгын салбарынхны саналыг огт оруулаагүй. Ерөнхийдөө төр өөрөө бүгдийг хийх тал руугаа хандаж байх шиг байна. Хөтөлбөрийн хүрээнд хамгийн эхэнд хэрэгжүүлэх боломжтой дэд бүтэц, барилгын ажлыг тодорхой болгож, хэрэгжүүлэгчдийг сонгох хэрэгтэй. Арилжааны банкуудаар дамжуулан үндэсний компаниудыг дэмжих шаардлагатай. Ингэснээр орон сууын төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэж, хөрөнгө оруулагчид идэвхжинэ.

Ерөнхийдөө барилгын салбары­хан төр засгаас санхүүжилт, 6-8 хувийн хүүтэй зээл олгохыг хүсч байна. Мөн тендерийн сонгон шалгаруулалтыг уян хатан явуулдаг болгооч хэмээн учирлав. Болж өгвөл гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагааг хязгаарлах бодлого баримталж, 100 мянган айлын орон сууцыг зөвхөн үндэсний компаниудаар бариулах шийдвэрийг гаргаад өгөөч хэмээн хэлэх хүн ч олон гарав. Манай улсад одоогийн байдлаар энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг 1548 аж ахуйн нэгж байгаа. Гэсэн ч эдгээрийн дотор барилгын материалын худалдаа, засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани дийлэнхийг эзэлж байгаа аж. Тийм болоод ч тэр үү “100 мянган айлын орон сууц барих чадамж, чадвар Монголын компаниудад бий юү” гэх асуулт олны дунд гарсан. Харин үндэсний компаниуд “Гадны компаниудгүйгээр бүтээн байгуулалтад оролцох  бүрэн боломж бий. Нэг жилийн дотор хийх ажил биш шүү дээ. Нэлээд хэдэн жилийн хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд барилгын компаниудын үйл ажиллагаа жигдрэх байх. Ажилчдын мэдлэг, ур чадвар ч дээшлэнэ” хэмээн уулзалтын үеэр онцолсон юм. Уулзалтын үеэр 10 гаруй хүн саналаа хэлсэн. Тэдний дундаас ганцхан хүн л “100 мянган айлын орон сууц барина гэдэг том ажил. Нийт 22-23 иж бүрэн хороолол барина гэсэн үг. Тиймээс их бодолтой хандах ёстой. Бидний бололцоо хүрэх үү гэдэг нь бодох ёстой асуудлын нэг. Зургаан жилийн дотор барина гэдэг юу л бол” хэмээснийг энд онцолъё. Ямартай ч Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгаас “Үндэсний компаниудад уг хөтөлбөрийг гадаадын компаниудын оролцоогүйгээр гүйцэтгэх боломж бий юү” хэмээн асуухад “Ямар ч боломжгүй” гэсэн товчхон хариултыг өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцогчдын саналыг сонссоны эцэст үгээ хэлсэн. Уг нь уналтад орсон хувийн компаниудыг дэмжих нь төр засгийн үндсэн чиг үүрэг биш аж. Ерөнхий сайд “Засгийн газар, бизнесийн салбарын бодлогыг уялдуулах нь чухал. Төр засгаас тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ. Уг ажилд бүгд хариуцлагатай хандах учиртай. Тиймээс бид дэмжлэг үзүүлнэ. Бас шаардлага ч тавина. Та бүхэнд саналаа өгөх боломж олон гарна. Засгийн газраас баримталж буй суурь бодлого монгол хүн, монгол өрхөд чиглэж байгаа. Тиймээс байгууллагын биш, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаална” хэмээв. Тэрбээр мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгжүүд мэдээлэлгүй байгааг ч энэ үеэр шүүмжлэв. Барилгын чанар, үнэ, стандарт гадны компаниудынхтай адилхан байх ёстойг ч санууллаа.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж