Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн тангарагаа өргөжээ. Энэ нь өнгөрсөн зун болсон сонгуулиар сөрөг хүчин Мадурогийн ялалтыг эсэргүүцсэнээс таван сарын дараа болж байна. Ёслолын ажиллагаа Баасан гаригт /2025.01.10/ Үндэсний ассамблейн бага танхимд болжээ. Өмнө нь ассамблейн гол танхимд тангараг өргөх ёслолууд болдог байсан ч бага танхимд хийж буй нь шүүмжлэлээс хол байх нэг арга гэж ажиглагчид үзэж байна.
Үндэсний ассамблейн дарга Хорхе Родригес тангараг өргөхөд чиглүүлэх үүргийг гүйцэтгэжээ. Мадуро тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгэндээ “Бид хүрнэ гэж мэдэж байсан зүйлдээ хүрсэн. Надад өгсөн эрх мэдлийг гадаадын засгийн газар, гадаадын ерөнхийлөгч эсвэл гринго засгийн газар өгөөгүй. Энэ дэлхийн хэн ч Венесуэлийн ерөнхийлөгчийг мухардуулж чадахгүй” гэжээ. Ёслолд Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэль Ортега, Кубын Мигель Диас-Канел нар оролцсон байна. Мөн Хятад, Орос улс төлөөлөгчдөө илгээсэн аж. Тухайлбал, Оросын Төрийн Думын дарга Вячеслав Володин ёслолын ажиллагаа товлосон цагаасаа эрт эхэлсний дараа төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр оройтож ирсэн харагдав. Долдугаар сарын 28-нд болсон тус улсын ерөнхийлөгчийн сонгууль эрх баригч Социалист намын хатуу хяналтан дор явагдсан. Мөн Мадурогийн ялалтыг тус нам зарласанд нь Венесуэлийн сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонзалес дургүйцлээ илэрхийлсэн байдаг. Тэрбээр 67 хувийн санал авч, Мадуро 30 хувийн санал авсан гэж мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ