НЗДТГ болон Монголын хүүхдийн ордон хамтран 2018 оноос эхлэн гурван жилд нэг удаа ““Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж эхэлсэн. “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 21-ний өдөр болсон юм. Тус хуралд яам, төрийн байгууллага, их дээд сургуулиуд, НҮБ, Швейцар, Япон, БНХАУ, Монгол Улсын эрдэмтэн судлаачид оролцлоо.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаадын болон манай улсын судлаачдын 62 эрдэм шинжилгээний өгүүллэг, илтгэл ирсэн бөгөөд үндсэн болон салбар хуралдаанд нийт 24 илтгэлийг хэлэлцүүлэв. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар оролцсон байна.
Хурлын үндсэн хуралдаанд:
- “Хүүхдийн эрх, хөгжил хамгааллын өнөөгийн байдал” сэдвээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Х.Азжаргал
- “Орчин цагийн бага насны боловсролын асуудалд” сэдвээр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн сургуулийн өмнөх мэргэжилтэн, доктор Т.Цэндсүрэн
- “Монгол хүүхдийн эрүүл инээмсэглэлд амны хөндийн боловсролын ач холбогдол”, “Мишээл Хүүхэд Сан”-гийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Габриелла Шмит-Корситто, Швейцарь улс
- “Хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлдөг урлагийн анхдагч төрөл зүйлс Монголын хүүхдийн ордны үндсэн чиглэлүүдийн нэг болох нь” сэдвээр Монголын Хүүхдийн ордны захирал, хэл бичгийн ухааны доктор Б.Цэнгэлмаа
- “Хүүхдийн хөгжил дэх ярианы хөгжлийн үүрэг, ач холбогдол” сэдвээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны гадаад дахь сургалт хариуцсан ажилтан, ХБНГУ-ын Кайзерзлаутерн-Ландаугийн их сургуулийн докторант Б.Дорждэрэм
- “Япон дахь 5 настай хүүхдийн эрүүл мэндийн үзлэг-Сургуульд орохын өмнөх дэмжлэг ба сургуульд орох бэлтгэл” сэдвээр Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын ажилтан Хироми Такай нар тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Мөн эрдэм шинжилгээний хурлаар “Төрийн бодлогын хэрэгжилт, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын асуудлууд”, “Хүүхдийн хөгжил, нийгэм сэтгэл зүйн асуудлууд”, “Хүүхдийн хөгжлийг дэмжих орчин, үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлууд” гэсэн 3 чиглэлээр судалгааны өгүүлэл, илтгэлүүдийг хэлэлцэв. Хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж, хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаа шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүнд суурилахад чиглэл болгох юм байна.
Холбоотой мэдээ