АНУ-д сагсан бөмбөгөөр хичээллэж, олон улсад Монголын нэрийг гаргаж буй С.Ган-Эрдэнэ замналаа үргэлжлүүлэх их сургуулиа өчигдөр/2025.06.09/ сонголоо. Өдгөө Ла Лумиер ахлах сургуульд суралцаж буй, 2.13 м өндөртэй түүнд Охайо Стэйт, Иллиной, Индиана, Ратгерс, Аризона Стэйт тэргүүтэй олон их сургуулиас санал иржээ. Улмаар С.Ган-Эрдэнэ Нотр Дамын их сургуулийг сонгосон аж.
Тус сургуулийг сонгосон талаараа С.Ган-Эрдэнэ ярихдаа "Би Нотр Дамыг сонгосон шалтгаан нь дасгалжуулагч Шрусберригийн тоглолтын арга барил, түүний тамирчдынхаа хөгжилд хэр анхаардаг зэрэг нь таалагддаг. Дасгалжуулагч Шрус болон түүний баг үнэхээр анхаарал тавьдаг. Тэд тамирчдадаа яг гэр бүл шиг нь хандаж, талбай дээр ч, талбайн гадна ч үргэлж сайжрахад нь тусалдаг" гэжээ.
Түүнээс өөрийгөө тодорхойлооч гэхэд С.Ган-Эрдэнэ "Би бол атлетик, мэдрэмж сайтай том биетэй. Би самбараас бөмбөг авч, найдвартай заслон тавьдаг. Мөн үргэлж сайжрахыг эрмэлздэг. Ялангуяа тоглолтыг уншиж, периметр дээр ухаалаг шийдвэр гаргадаг. Би сагсан бөмбөгөөр хичээллээд гурван жил, хагас л болж байна. Гэхдээ өдөр бүр хурдан сайжирч, суралцаж байна" гэж хариулав.
Харин Нотр Дамын фэнүүдэд хандан хэлэхдээ "Би монгол-ирланд тамирчны хувиар Нотр Дамыг төлөөлөх болсондоо туйлын баяртай байна. Рон Рованы дараа энд тоглох хоёр дахь ирланд тамирчин болсондоо мөн баярлаж байна. Талбай дээр хүсэл тэмүүлэл, хүч чадал, бахархал авчрахад бэлэн байна. Хамтдаа түүхийг бүтээцгээе" гэжээ.
С.Ган-Эрдэнэ 2026 оны NBA-ийн драфтын ангийнхан дотроо 99 дүгээрт бичигдэж байна. Харин төвийн тоглогчид дотроо 15 дугаарт, Индиана муждаа дөрөвдүгээрт бичигдэж байгаа гэнэ.
Нотр Дамын их сургуулийн сагсан бөмбөгөөс өдгөө NBA-д хоёр тамирчин идэвхтэй тоглож байна. Тухайлбал, Милуоки Баксын Пат Коннотон, Сан Антонио Спөрсийн Блэйк Уэсли нар аж. Мөн NBA-д данстай явсан Жериан Грант болон Мэтт Райан нар тус сургуулийн төлөө тоглож байжээ.
Sags 2025-06-10 107.116.79.77
Zygeer Mongol gej heleledee, 3 jiliin dotor mun ih zantai bolj bn daa ene huu
Ё 2025-06-10 203.91.115.54
ирланд аавтай юмуу
Нэргүй 2025-06-10 202.179.27.184
ирланд ???