"Мега төслийг дагасан авлигатай тэмцэнэ"

Хуучирсан мэдээ: 2025.05.29-нд нийтлэгдсэн

"Мега төслийг дагасан авлигатай тэмцэнэ"

"Мега төслийг дагасан авлигатай тэмцэнэ"

Нийслэлд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотойгоор Төрийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад дотоодын ААН-үүдийг оролцуулдаггүй, гаднын компанид давуу эрх олгодог гэх шүүмжлэл хүчтэй өрнөх болсон. Хамгийн сүүлд гэхэд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа оролцуулахыг шаардаж, Монголын барилгачдын нэгдсэн холбооноос удаа дараа шаардлага хүргүүлсээр байгаа. Тодруулбал, Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниудыг оролцуулах талаар 14 төрийн өндөр албан тушаалтан, улс төрд суудалтай таван намд хоёр дахь удаагаа шаардлага хүргүүлж байгаа талаараа Монголын барилгачдын нэгдсэн холбооноос өчигдөр /2025.05.28/мэдээлсэн юм.

Тэд эхний хийсэн мэдэгдэлдээ, Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шалгаруулалтад Монгол аж ахуй нэгжүүдийг оролцох боломжгүй болгосон, гадаадын компанид давуу эрх олгосон асуудлаар Төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд шаардлага хүргүүлж, төрийн бодлогоо эргэж харахыг хүсч байна гэдгээ илэрхийлсэн юм. Үүний үр дүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зэрэг гурван субъект үндэсний компаниудаа дэмжих тал дээр хариу өгсөн гэдгийг Монголын барилгачдын нэгдсэн холбооноос хэлсэн.

Харин нийслэлийн удирдлагатай уулзалт хийсэн ч санал нийлээгүй аж. Тодруулбал, Хятад компаниуд тендерт шалгарсан болохоор дотоодын компаниудын 20 хувийн оролцоог хангая гэсэн хамтарч ажиллах санамж бичгийг хүлээн зөвшөөрөөгүй юм байна.

Иймд Сэлбэ дэд төвийн барилга, орон сууцны тендерт Хятадын 15 компани шалгарсныг эсэргүүцэж, мөн мега төслийг дагасан авлигын өмнө тэмцэл хийж байгаагаа илэрхийлсэн юм.

Тухайлбал, 
  • Сэлбэ дэд төвийн I, II-р багцын гэрээг цуцлуулах,
  • Сэлбэ дэд төвийн III, IV-р багцын тендерт гадаадын компани оролцох нөхцөлийг хаах,
  • Сэлбэ дэд төвийн III, IV-р багцын тендерийн бичиг баримтад заасан өндөр шалгууруудыг мэргэжлийн холбоодтой, барилгачидтай зөвшилцөн бууруулж, монгол ААН-үүдийг оролцох боломжийг төрийн бодлогоор дэмжихийг шаардаж байгаа юм байна.

Улмаар Монгол ААН-үүд нэгдэж Сэлбэ дэд төв болон цаашид зарлагдах томоохон төслүүдэд нэгдсэн байдлаар улсынхаа бүтээн байгуулалтад оролцох сонирхлоо илэрхийлсээр байгаа бөгөөд шаардлагын хариуг 48 цагийн дотор өгөөгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэр сонгоно. Тодруулбал, жагсаал, эсэргүүцэл хийх, өлсгөлөн зарлах зэргээр тэмцэнэ гэжээ. Харин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны бүтээн байгуулалт өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр эхэлнэ гэдгийн нийслэлээс мэдээллээд байгаа юм.

"ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД САНХҮҮГИЙН ЧАДАВХТАЙ КОМПАНИ ОРОЛЦОХ ЁСТОЙ"

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзулаас тодруулснаар, Сэлбэ дэд төвийн асуудлын тухайд манай газарт шаардлага хүргүүлсэн байсан. Шаардлагатай танилцахад дотоодын ААН-үүдэд боломж олгоогүй гэдэг асуудлыг дурдсан байна лээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол тухайн шаардлагыг тендер зохион байгуулж байгаа төрийн байгууллага өөрөө сонгон шалгаруулдаг. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бол хоёр талтай асуудал нэг болохоор оролцогчдод тавьж байгаа шалгуур өндөр байна гэдэг тал байгаа. Нөгөө талд нь болохоор муу ААН-ийг шалгаруулаад байна гэдэг асуудал хөндөгддөг. Хууль эрх зүйн хүрээнд олон компани нэгдэж орох боломж байдаг. Тэгэхдээ үүнд тодорхой шалгуур байгаа гэсэн юм. Харин Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ:

"Дотоодын компаниудыг тендер шалгаруулалтад оруулахгүй байгаа асуудал байхгүй. Бүтээн байгуулалтад оролцох ААН-үүдэд тавигдах шаардлагатай холбоотойгоор тийм асуудал үүсч байж магадгүй.

Харин төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулаад ААН-үүдийг хязгаарлаагүй. Тухайн ААН-үүд гол нь тухайн тавигдаж байгаа шалгуурт нийцэж үйл ажиллагаагаа явуулах боломжтой байх шаардлагатай л гэдэг асуудал үүсч байгаа.

Томоохон бүтээн байгуулалтад бол тухайн ажлыг хийх мэргэжлийн болон санхүүгийн чадавхтай байж орно уу гэхээс бүх жижиг компаниуд орох боломжгүй. Тиймээс тухайн худалдан авах гэж байгаа бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний хэмжээ, төсөв зэргээс шалтгаалаад ямар ямар компани яаж оролцож болох вэ гэдэг шалгуураа бол өөрчилж болно“ гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж