Хэнтий аймгийн Засаг Даргын тамгын газраас зохион байгуулсан "INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулган хөрөнгө оруулалт татсан, бодитой асуудал шийдсэн, ажлын байр нэмэгдүүлсэн, хөгжил дэвшлийн шийдэл дагуулсан, үр дүнтэй, өгөөжтэй болж өндөрлөлөө.
Хэнтий аймгийн хувьд аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарууд болох аялал жуулчлал, хөдөө аж ахуй, дэд бүтэц, бүс нутгийн хөгжлийн асуудлаар шийдвэр гаргах түвшний сайд, дарга нар, томоохон хувийн хэвшлийн төлөөллүүдтэйгээ хамтран тал бүрээс нь шийдэл хэлэлцэж, хөгжлийн тулгуур асуудлаа ярилцаж, шийдэл гарцаа тодорхойлсон хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган боллоо.
"INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганаар орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжлүүлэх, хөдөө аж ахуй, барилга бүтээн байгуулалт, сургалт судалгааны чиглэлээр нийт 8 санамж бичиг байгуулж, баталгаажууллаа. Тухайлбал,
- Хөрөнгө оруулалтын чуулганы хүрээнд Говь” ХК -ийн орон нутаг дахь анхны салбар үйлдвэр албан ёсоор Хэнтий аймагт байгуулагдлаа. Одоогийн байдлаар 60 гаруй иргэдийг ажлын байраар хангаад байгаа бөгөөд цаашид 120 иргэдийг 2,3-2,8 сая төгрөгийн цалинтай ажлын байраар хангана.
- Мөн “М-Агро” компанитай хамтран ажиллах Хэрлэн сумын Өлзийт тосгонд Хөдөө аж ахуйн цогцолбор парк төслийг хэрэгжүүлэх гэрээ байгууллаа. Төслийн ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд Хэнтий аймгийн 30 гаруй иргэнийг ажлын байрар хангаж, малчдаас мах болон малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч байна. Цаашид 200 иргэнийг ажлын байраар хангаж, хөдөө аж ахуйн цогболбор жишиг парк болон өргөжих болно.
- Дотоод, гадаад аялал жуулчлалын салбарт зочид буудал, зоогийн газрын үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хүргэх, орон нутагт шинээр ажлын байр бий болгох, тогтвортой аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах үйл хэрэгт хувь нэмэр оруулах зорилгоор байгаль орчинд ээлтэй, Эко жуулчны баазыг олон улсын стандартын түвшинд байгуулахад “Исун мод тур” ХХК-тай хамтран ажиллахаар боллоо.
- Үүрэн холбооны тэргүүлэх компани болох GMOBILE компани Хэнтий аймагт хэрэглэгчдийн дуудлага хүлээн авах ”CALL CENTER” төвөө нээж эхний ээлжид 20 хүнийг ажлын байраар хангалаа.
- Мөн Эм Си Эс Си компанитай хамтран 250 орон сууц барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын чуулганы хүрээнд энэхүү орон сууцны хотхоныг өргөжүүлэн 1300 айлын жишиг хороолол сүндэрлүүлэх гэрээг баталгаажууллаа.
- Мөн одоогоор олгогдохгүй байгаа ипотекийн зээлийг Хаан банктай хамтран эхний ээлжинд 20 айлыг тус зээлд Хэнтий аймгийн иргэдийг хамруулахаар боллоо.
- ШУТИС-тай хамтран аймгийн хөгжлийн бодлогыг дэмжих сургалт, судалгаа, инновацын чиглэлээр, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хөдөө аж ахуйн салбарт хөгжлийн бүхий л асуудлаар мэдээлэл, туршлагаа солилцож харилцан суралцах болон хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгаа, технологи хөгжүүлэлт, орон нутагт инновацыг бий болгоход харилцан уялдаатай хамтран ажиллах гэрээг тус тус байгууллаа.
Бидний санал санаачилгыг хүлээн авч манай аймагт салбар үйлдвэрүүдээ нээж, орон нутагт хөрөнгө оруулалт хийсэн та бүхэндээ дахин талархал илэрхийлье.
Мөн энэхүү чуулганаас мэдээлэл авч манай аймагт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа иргэд, ААН та бүхэнд Хэнтий аймаг үргэлж нээлттэй байх болно гэдгийг сонордуулж байна.