Оюутнууд УБТЗ-ын даргын шийдвэрийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2015.08.19-нд нийтлэгдсэн

Оюутнууд УБТЗ-ын даргын шийдвэрийг эсэргүүцэв

Тээврийн дээд сургуулийн багш, оюутнууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд наймдугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Тээврийн дээд сургуулийн техникийн ангийг Мэргэжил сургалтын үндэсний төв /МСҮТ/ рүү шилжүүлэхээр болсныг эсэргүүцэж байгаа аж.

Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар энэ шийдвэрийг гаргасан бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилээс эхэлж хэрэгжүүлэхээр болсон байна.

Тээврийн дээд сургуулийн техникийн ангид 400 гаруй оюутан сурдаг аж. Техникчийн сургалт эзэмшихээр Тээврийн дээд сургуулийг сонгосон оюутнуудыг МСҮТ-д шилжүүлэх нь суралцагчдын эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гэж оюутнууд үзэж байна.

Тус сургуулийн багш М.Бямбасүрэн ярихдаа “Улаанбаатар төмөр замын удирдлагуудын зүгээс бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй. Гэнэт ийм шийдвэр гаргасан. Уулзаж ярилцъя гэхээр "Удирдлагууд гадаадад явж байгаа" гэх тайлбар өгсөн. Энэ гэнэтийн шийдвэр суралцах сургууль, ажиллах мэргэжлээ тодорхойлон, Тээврийн дээд сургуулийг сонгосон оюутнуудын эрхийг ноцтой зөрчиж байгаагийн дээр Тээврийн дээд сургуулийг техникчийн сургалтаа алдахад хүргэж байна" гэлээ.

Б.ЗАЯА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж