&#34Чонон сүлд&#34-ийн зохиолч Зянь Руныг шагнав

Хуучирсан мэдээ: 2015.08.03-нд нийтлэгдсэн

&#34Чонон сүлд&#34-ийн зохиолч Зянь Руныг шагнав

"Чонон сүлд" романы зохиолч Зянь Руныг өнөөдөр Дэлхийн монгол зохиолчдын холбооны дээд шагнал "Бичгийн мэргэн" цол тэмдгээр шагналаа.


"Чонон сүлд" романы монгол бичгийн хувилбарын албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Одоогоос есөн жилийн өмнө буюу 2004 онд Хятадын зохиолч Зян Рунг талын малчин монгол айлд аж төрж, олон жил мал хариулж, чонын бэлтрэг тэжээсэн айлынхаа малчидтай ижил дасал болон идээшин ээнэгшсэн аж байдлыг дэвсгэрлэн, “Чонон сүлд” роман бичиж хэвлүүлсэн байдаг.

Улмаар 2005 онд "Чонон сүлд" роман Хятадын  хамгийн шилдэг зохиолоор шалгарчээ. Харин өдгөө уг зохиол дэлхийн 32 орны хэлнээ орчуулагдан, зохиолчийнхоо төдийгүй монгол үндэстний нэр алдрыг дуурсгаж явна. Тийм ч учраас Дэлхийн монгол зохиолчдын холбооноос энэхүү номын зохиолчид "Бичгийн мэргэн" хэмээх цолыг хүртээж байгаа ажээ.

Тус холбоо нь дэлхий даяар тархан суурьшсан монгол зохиолчдын холбоо бөгөөд байгуулагдаад удаагүй байгаа юм.


 

  • Дөрвөн жилд нэг удаа олгох тус нэр хүндтэй шагналын анхны эзэн нь Зянь Рун болж байгаа юм. Зохиолч Зянь Рун шагнал гардуулах ёслолд өөрийн биеэр ирж чадаагүй ч түүний дотны анд, "Чонон сүлд" романы зураач Чэнь Зи Цюнь  Дэлхийн монгол зохиолчдын холбооны дээд шагналыг гардан авсан юм. Чэнь Зи Цюнь зураач бол "Чонон сүлд" романы Ян Көгийн бодит дүр гэдгээрээ хятад даяар алдаршсан, "Үзэсгэлэнтэй асан тал нутаг" гэдэг сүлжээг ажиллуулж, Өвөрмонголын байгаль хамгаалах тал дээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нэгэн аж.

 

 

  • "Чонон сүлд" романыг Монголын нэрт хятад судлаач Д.Болдбаатар орчуулж, "Дэлхийн сонгодог зохиол" цувралын 51 дэх ном болон Монголд хэвлэгдэж байв. Уг роман хураангуй, дэлгэрэнгүй, хүүхэд залуучуудад зориулагдсан "Бэлтрэгхэн" гэсэн гурван хувилбартай.

  • Өнгөрсөн хавар уг зохиолоор Францын нэрт найруулагч Жан Жак Анно "Чонон сүлд" уран сайхны кино бүтээж, гол дүрд нь Монголын жүжигчин Р.Анхням тоглосон билээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж