“Катар 2022” ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолт өчигдөр/2019.06.06/ Монгол, Бруней Даруссаламын багуудын хооронд боллоо.
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг, Бруней Даруссаламын багтай өөрийн талбайдаа тоглож, 2:0-оор хожлоо. Тоглолтын эхний гоолыг 9 дэх минутад Монголын багийн ахлагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос оруулсан бол 69 дэх минутад Н.Наранболд хоёр дахь гоолыг оруулсан.
Талбайдаа заавал хожих даалгавартай байсан “Талын хөх чононууд” хөгжөөн дэмжигчдээ баярлуулж, эхний тоглолтыг 2:0-оор өндөрлүүлэв. Хоёр багийн хариу тоглолт зургадугаар сарын 11-д Бруней Даруссалам улсын Боромей аралд байрлах Султаны нэрэмжит талбайд болох юм.
Өчигдөр болсон тоглолтын дараа хоёр багийн дасгалжуулагчид хэвлэлийн хуралд оролцсон бөгөөд яриаг хүргэе.
Бруней шигшээ багийн дасгалжуулагч, Голланд мэргэжилтэн Роббн Сервай:
- Монголын шигшээ биеийн хүчний тоглолтоор илүү байлаа. Бид нарт хариу тоглолт байгаа. Монголын баг өөрийн талбайдаа 2:0-оор хожсон ч гэсэн бид дараагийн тоглолтыг бодож байна. Миний хувьд энэ тоглолтын дараа хийсэн гэрээ маань дуусна. Цаг агаар хүйтэн байлаа. Гэхдээ талбайн хүндрэл байсан. Бидний хувьд амьд зүлгэн тоглодог байсан. Энэ тал дээр бид нар богино дамжуулалт хийхээс эхлээд хүндрэлтэй байлаа. Гэхдээ монголчууд эхний тоглолтод хожсон ч баярлах болоогүй. Дахин нэг тоглолт байна. Бид энэ тоглолтод илүү их анхаарч байгаа.
Монголын багийн дасгалжуулагч, Герман мэргэжилтэн Майкл Вайсс:
- Үр дүнд сэтгэл хангалуун байна. Гэхдээ ганц тоглолтоор шийдэгдэх асуудал биш учраас тайвширч болохгүй. Бид нар Бруней руу 12 цагийн нислэгтэй учраас залуус маань сайн амрах ёстой. Мэдээж бидний хувьд дахин ялалт байгуулж, цааш тоглохыг хүсэж байна. Бид нар эсрэг багийн хамгаалалтын алдааг ашиглах хэрэгтэй. Гарааны 11 тоглогчдод сэтгэл хангалуулан байна. Тэднийг үнэлэхгүй байж болохгүй. Н.Наранболд, Х.Цэнд-Аюуш, Д.Төрбат нар маш сайн байлаа. Мөн П.Энхбилэг ч онцгой байсан. Бид Брунейд 35 градусын халуунд тоглоно. Тэнд нөхцөл байдал яаж өрнөхийг мэдэхгүй байна. Тухайн нөхцөл байдлыг харж байгаад шийдвэрээ гаргана. Бидэнд маш сайн нөөц боломж байгаа. Бид техникийн ур чадвартай гэдгээ харуулсан. Манай баг хамгаалалтад илүү байж чадсан учраас үр дүн 2:0-оор дууслаа. Брунейн тоглогчид өөрийн талбайд сайн тоглож чадахаар баг байна. Тиймээс биднийг ямар нөхцөл хүлээж байгааг хэлж мэдэхгүй байна. Бид боломжоо алдахгүй.
Холбоотой мэдээ