Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцэн батлах “Хамтдаа хэлэлцье” аян эхлүүлж байгаа талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр /2019.02.18/ мэдээлэл хийлээ.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа “Одоо мөрдөж байгаа Гэр бүлийн тухай хууль нь 1999 онд батлагдсан бөгөөд нийгмийн өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй, гэр бүлд тулгарсан олон асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж чадахгүй байгаа нь Монгол Улсын шүүхээс 2018 онд шийдвэрлэсэн хэргүүдийн тоон мэдээллээс харагддаг. Тиймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг орон даяар олон нийтээр хэлэлцүүлэх санаачлагыг гаргаж байна. “Хамтдаа хэлэлцье” аяныг 2019 оны гуравдугаар сарын 1-нээс гурван сарын хугацаатайгаар эхлүүлж байна. Аяны хүрээнд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг бүхий л сувгаар олон нийтэд танилцуулна” гэлээ.
Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж 2019 оны зургаадугаар сарын 1-н буюу Эх үрсийн баяраар хууль санаачлах эрх бүхий Монгол Улсын Ерөнхийлөгч , УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газарт хүргүүлэх ажээ.
Түүнчлэн гэр бүлийн салалт нэмэгдэж, үр дагаварт нь хүүхэд өнчирч, хүүхдийн эрх зөрчигдөх, хүмүүжил төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх зэрэг олон сөрөг үзэгдэл газар авч байгаа. Тухайлбал, 2018 онд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн тоон мэдээллээс харахад 2018 онд 2945 гэрлэлт цуцлагджээ. Мөн хүүхдийн тэтгэлэг олгох 1146 хэрэг, эцэг тогтоолгох 391 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Хүүхдийн тэтгэмж олгохоор тогтоогдсон маргааны 30 гаруй нь л тэтгэмжээ төлдөг байна. Мөн Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон 76 мянга 893 эцэг, эх байгаа нь гэр бүлийн асуудал төрийн бодлогын эхэнд байх шаардлагатайг илтгэж байна.