Хонконгийн Спортын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулсан Азийн залуу спортын сэтгүүлчдийн анхдугаар сургалт гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү сургалтад БНХАУ, Тайвань, Хонконг (зохион байгуулагч), Макао, Монгол, Непал, Иран, Пакистан, Уганда (тусгай урилга) гэсэн есөн улсын 38 залуу спортын сэтгүүлч оролцсон бөгөөд Монгол улсыг төлөөлөн Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны залуу гишүүд болох О.Наранбаатар, А.Ундрал нар оролцлоо.
“Хүсэл тэмүүлэл, алсын хараа, зорилго” уриан дор нэгдсэн залуу сэтгүүлчид сургалтын эхний хэсэгт БНХАУ-ын Гуанжоу, Нанша хотуудад зочлон Нанша гольфийн клуб, Гуанжоу РФ хөлбөмбөгийн клубын бэлтгэл, Хятадын Супер лигийн 4 удаагийн аварга, Азийн Аваргуудын лигийн аварга Гуанжоу Эвергранд хөлбөмбөгийн клубын хүүхдийн академи тэргүүтэй олон газруудтай танилцав.
Тус сургалтын сүүлийн хэсэгт залуу сэтгүүлчид Хонкогд ажиллан Хонконгийн Спортын Институт, Са Тин морин тойруулгын клуб мөн Хонконгийн ТВситид зочлон “ТV В”-ийн студи, үйл ажиллагаатай танилцав. Түүнчлэн Хонконгийн элит спортын тамирчидтай болон спортын сэтгүүлч, медиа, тв, вебсайт, сонин зэрэг спортын бүхий л салбарт амжилттай ажиллаж байгаа хүндэт зочдын илтгэл, семинарыг сонсон тэдгээр эрхмүүдтэй ярилцлага хийн, мэдээ мэдээлэл бэлтгэв.
Мөн Хонконгийн Регби Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг “Hong Kong Sevens” тэмцээн, наадмыг сурвалжлан спортын томоохон арга хэмжээг хэрхэн сурвалжлах, ажиллах талаар практик хийсэн юм.
Ийнхүү шахуу хөтөлбөртэй сургалтын эцэст залуу сэтгүүлчид “хүсэл тэмүүлэл, алсын хараа, зорилго” гэсэн уриагаа зүрхэндээ тээн нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залав.
О.НАРАНБААТАР