Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

(50 зохиолч, 50 ертөнц)

Италийн уран бүтээлч, зураач Маттео Периколи “Ертөнцийн цонхнууд” хэмээх төслийг санаачлан 2011 оноос дэлхийн нэр нөлөө бүхий зохиолчидтой харилцан тэдний уран бүтээлээ туурвин суудаг өрөөний цонхыг зурж эхэлсэн байна. Зохиолчийн цонхны чинадаас бичсэн эсээг өөрийн зурсан зургийн хамт “New York Times”, “The Paris Review” зэрэг дэлхийн нэртэй сэтгүүлд нийтэлж байжээ. 2014 оны 12 сард дэлхийд нэртэй “Пингвин” хэвлэлийн газраас энэхүү төслийг ном болгон хэвлэн гаргасан байна.

Зураачийн зурсан дэлхийд алдартай 50 зохиолчийн цонхыг тэдний бичсэн эсээн хамт толилуулсан уг номын өмнөтгөлд “…Мэдээж бүх цонхнууд гадагшаа харж байгаа. Маттео зөвхөн зургийг дагуулан гадагш харах бус зохиолчдын зөн мэдрэмжийг хуваалцах давхар боломж бидэнд олгожээ. Гол нь тэрээр ямар ч хана хэрэмгүй утга зохиолын орон зайг бүтээсэн байна.” хэмээн “The Paris Review” сэтгүүлийн редактор Колен Маккэн бичсэн байна.

“Дэлхий дахинаа нэр алдар нь цуурайтсан 50 зохиолчийн дотоод ертөнцийг хуваалцсан  Маттео Приколигийн энэхүү бүтээл нь  бид бүгдийг өөрсдийн гэр орон болоод оршин буй газрынхаа мөн чанарыг бүтээлчээр харах өнцөгийг тэлж буйгаараа ач холбогдолтой.” хэмээн “Пенгвин” хэвлэлийн газраас онцолсон дурдсан байна.

Энэхүү номонд Нобелийн шагналт Түркийн зохиолч Орхун Памук, Японы нэрт зохиолч Мураками, Плутцерийн шагналт Америкийн зохиолч Жералдин Брукс, Европын холбооны уран зохиолын шагналт Мадедоны зохиолч Лидия Димовска нарын зэрэг дэлхийд алдартай 50 зохиолчид уригдан оролцсон бөгөөд Монголоос зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо өөрийн цонхоо танилцуулжээ.

Номын хавтасны дотор нүүрэнд энэхүү номонд орсон зохиолчдын амьдардаг хотуудын газрын зургийг арын хавтасны дотор зохиолчдын нэрийг газрын зурагт байршуулжээ. Literary Journal “Ертөнцийн цонхнууд” нь зохиолчдын амьдралыг сониучирхагч, дурдатгалд дурлагч, хэрэн хэсүүчлэх хүсэлтэй хэн бүхний амтархан унших сайхан ном болжээ. Даян дэлхийн зохиолчдын амьдралын таниулахын сацуу хөгжилтэй дотно яриаг та бүхэнд хүргэх болно.” хэмээн энэхүү номын талаар бичжээ.

 

Монгол уншигчиддаа зохиолч Г.Мэнд-Ооёогийн цонхыг Маттео Приколи хэрхэн зурсан болоод зохиолчийн бичсэн эсээг толилуулж байна.

 

 

Манай цонхны цаана, наана

Г.Мэнд-Ооёо

Үүр тэмдэгрэхийн өмнөхөн түнэр харанхуй. Орчлон нам гүм. Шүлэг төрөхийн өмнөх агшин ч энэ мэт. Оддын доор хээр талдаа идээшлэн бэлчих адуун сүрэг яг л энэхэн мөчид зогсоогоороо зүүрмэглэнэ. Адуу дугхийгээд сэрэх тэр л хооронд дорно тэнгэрийн хаяа үл мэдэг туяарна. Уул толгод ялгаран үзэгдэнэ. Гэгээ тодорно. Тэнгэрийн хаяа ягаарна. Улаа бутрана. Шаргалтана… Бага ахуйд өглөө болгон үүрийн гэгээнээр чөдөртэй морио барихаар хазаараа аван алхдаг сан. Аав минь “адуу мэт орой унт. Шувуу мэт эрт бос” гэдэгсэн. Морь луугаа алхаж явахад үүрийн туяаны дээхнэтэй дууч бялзуухайнууд шулганан нисэлдэх нь  нэн жаргалтай. Нүүдэлчний хүү миний өдгөө амьдралын өглөө бүрийн хэм хэмнэл алдрай багынхаа ая айзмаар тогтжээ. Дорноос цайх үүрийн гэгээг цонхныхоо дэргэдээс угтаж, хээр талд бэлчих адуугаа хураан ирдэг байсан дадлаараа, хульжин одсон үй олон бодол сэтгэгдлүүдээ оюун сэтгэлдээ хураагаад бичгийн ширээндээ тухална. Цонх бол ажин шинжихүйгээ цэгцтэй байлгах аятайхан орон зай юм. Цонхоор таслагдан үзэгдэх амьдралын дүр зураг хэм хэмнэл хийгээд гэрэл сүүдэр, цаг мөч бүхэнд өөр өөрийн утга агуулга буй.

Гийх үүрийн туяа өөд миний сэтгэл хэдийн нисэн одоод нэг л хэсэгтээ өөр орон зайд сэлгэж, өөр цаг хугацааг эзэгнэнэ. Дээр хөх тэнгэр. Тэнгэрт угалзан үүл. Шувууд. Зэрэглээ. Зэрэглээн дунд хээр тал. Талын дунд адуу мал. Зээр гөрөөс. Нүүдэлчний хот айл. Тэмээн хөсөгтэй нүүдэл… Бодол дүүлэх өндрөөс ертөнц ийн алганы хээ мэт тодорхой.

Улаанбаатар хотын төв дунд байх манай гэрийн цонхоор Монголчуудын эрдэм оюуны их өргөө болох Монгол улсын их сургууль тов тод харагдана. Заримдаа хананд өлгөсөн уран зураг мэт санагдах нь бий. Цонхноос хэдхэн алхамд монгол газрын хуш модоор хийсэн миний бичгийн ширээ. Уран бүтээлийн диваажин. Цонхны цаадтайх ахуйг сэлгэж ширээндээ суухад ертөнц огт өөр орон зайд шилжинэ. Хорвоогийн нэгэн өдрийн ажин түжин цонхны цаана үргэлжилж, түүх шастир зузаарсаар. Манай гэрийн цонх мөнөөх л үргэлж харагдах бүхнээ үл уйдан ширтсээр “өчүүхэн ч чөлөө завгүй”.

2013.01.29

Дөрвөн уулын дунд

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж