Цаг тохируулагчтай түгжигддэг сав
Хэрвээ та хоолны дэглэм барьж байгаа бол амттан, илчлэг өндөртэй хүнсний зүйлсээс татгалзах хэрэгтэй болдог. Хоолны дэглэм нь зөвхөн жингээ хаях гэж байгаа хүмүүст ч төдийгүй эрүүл зөв хооллолтын хамгийн чухал зүйл.
Та өөрийн дуртай амттанаа цагийн хуваарьтайгаар зохистой хэмжээгээр идэж байхыг хичээдэг ч хүслээ дарж чадалгүй бүгдийг нэг дор идчих гээд байдаг уу. Тэгвэл таны асуудлыг шийдэх тусгай савыг бүтээжээ. Энэхүү сав нь өөр дээрээ цаг тохируулагчтай. Таны тохируулсан цаг болохоос нааш таглаа нь онгойхгүй. Хэдий хэмжээний цаг үлдэж байгааг минут, секундээр харуулах учраас өөрийгөө хянаж, хоолны дэглэм барьж буй хүмүүст хамгийн ач тусаа өгөх сав хэмээн онцолж байна. Энэхүү савыг 50 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргажээ.
Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг тодорхойлогч
TellSpec нэртэй телевизийн удирдлага шиг авсаархан төхөөрөмж хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүний илчлэг, тэжээллэг чанарыг хэдхэн секундын дотор тодорхойлно.
Урд хэсэгтээ хэт ягаан туяаны гэрэл бүхий мэдрэгчтэй ба хүнсний ногоо, жимс жимсгэнэ гэх мэт хоол хүнсэндээ хэрэглэж байгаа бүхий л зүйлсийнхээ гадаргуунд ойртуулаад товчлуураа дарахад хангалттай. Хэдий хэмжээний уураг, нүүр ус, өөх тос, ямар ямар амин дэмүүд агуулагдсан байгааг тодорхойлсон нарийн мэдээллээ таны гар утас юм уу таблет руу автоматаар илгээх гэнэ. Үнэхээр итгэмээргүй.
Ухаалаг савх
Хятад улс хүнсний аюулгүй байдлын асуудлаар хамгийн их шүүмжлэл дагуулдаг, хоол хүнсэндээ чанаргүй хортой химийн нэмэлтүүдийг ашигладаг, бохирын тосыг шүүн бэлэн хоолнуудад хийдэг гэх мэт хэл амыг байнга дагуулдаг.
Тийм ч учраас тус улсын технологийн хамгийн том компаниудын нэг Baidu бүхий л хүнсний зүйлсийг эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхийг тодорхойлогч ухаалаг савхыг бүтээсэн байна. Уг савхыг хоол, зууш эсвэл уух зүйлдээ дүрэх үед анализ хийн аюулгүй бол ногоон аюултай бол улаан гэрэл асах гэнэ. Бусад нарын мэдээллүүд нь тусгай аппликейшных нь тусламжтайгаар таны гар утас болон таблетанд ирнэ.
Ухаалаг сэрээ
Хэн нэгэн яаруулаад байгаа юм шиг хоолоо хэт хурдан иддэг хүмүүс байдаг. Энэ нь хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагаанд муугаар зогсохгүй цадаж байгаа эсэхээ ойлгож амжаагүй байхад нь хэт их хоол “чихэж”, жин нэмэхэд ч нөлөөлдөг байна.
Хоолыг бага багаар аажуухан 10-15 минутын хугацаанд идэхэд хүний ходоод цадсан гэсэн дохиог тархиндаа илгээдэг байна. Харин хэт хурдан иддэг хүмүүс өөрийн цадах хэмжээний хоолыг 10 хүрэхгүй минутанд идэж дуусгаад цадсан мэдрэмж төрөхгүй байгаа учир нэмж идэх хандлага маш их байдаг аж. Үүнийг зохицуулахаар таны идэх хурдыг тохируулах ухаалаг сэрээг бүтээжээ. Энэхүү сэрээ нь таны хоолноосоо хэт хурдн идээд байвал чичиргээ үүсгэн сануулж, зөв хооллож байгаа эсэхийг тань сануулна.
Харшил үүсгэгчийг тодорхойлогч
Хэрвээ та харшилтай бол хүнсний бүтээгдэхүүний орц найрлаганд орсон төрөл бүрийн зүйлс таны харшлыг хөдөлгөх вий гэж та эмээдэг үү. Хүнсний бүтээгдэхүүнээс харшилснаар богино хугацаанд амьсгалын зам боогдон амь насаа алдах эрсдэл ч байдаг байна. Тиймээс харшилтай хүмүүст зориулсан харшил үүсгэгчийг тодорхойлогч төхөөрөмжийг бүтээжээ.
Энэхүү төхөөрөмжийг зоогийн газарт хооллохдоо ч юм уу орцонд нь чухам юу юу орсныг сайн мэдэхгүй байгаа зүйлс идэх шаардлага гарсан үедээ ашиглаж байхын зөвлөсөн байна. Уг төхөөрөмж нь тухайн хүнсний бүтээгдэхүүн харшил үүсгэж болохуйц эрсдэлтэй бодис байгаа эсэхийг тодорхойлдог аж.
Н.ЦЭНД