Өмнөд Америкт болж байгаа “Дакар Ралли-2015” уралдааны мэдээллүүдээс бид хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр 35 жилийн түүхтэй тус тэмцээний цорын ганц эмэгтэй оролцогч болох “чанга хүүхэн” тодотголтой Laia Sainz-ын тухай хүргэж байна.
Жинхэнэ эрчүүдийн уралдаан гэгдэх Дакар Раллийн мотоциклийн ангилалд уралдаж буй цор ганц эмэгтэй оролцогч тэрбээр үзэсгэлэнтэй бас энгийн нэгэн бүсгүй. Тэрбээр дэлхийн эмэгтэйчүүдийн триалын 13 удаагийн аварга, мөн европын 10 удаагийн аваргаас гадна эмэгтэйчүүдийн эндурогийн 2010 оны дэлхийн аваргын 3-р байр, 2011 оны 2-р байр мөн 2012 оны аварга болсон бүсгүй юм.
1985 оны 12 сарын 11 ны өдөр Испаны Барселона хотноо мэндэлжээ.
Тэр 2 настайдаа мотоцикль унаж сурчээ. Аав нь түүнд мотоцикль хэрхэн унаж сурахыг заасан аж. Харин тэрбээр 4 настай байхдаа ахынхаа мотоциклийг эцэг эхээсээ нууцаар унадаг байжээ. Түүний ах Хоан нь мэргэжлийн мотоцикльчин бөгөөд 25 СС ангилалд тэмцээнд оролддог аж.
Лаяа 1992 онд 7 настай байхдаа Каталоны өсвөрийн аваргын тэмцээнд оролцон 9-р байранд орсон байна. Дараа нь тэрбээр уйгагүй бэлтгэлээ хийдэг байв. Үүний үр дүнд 12 настай байхдаа 80 СС мотоциклийн тэмцээнүүдэд эрчүүдтэй өрсөлдөн түрүүлжээ. Лаяа триалын тэмцээнүүдэд ч оролцох болсон бөгөөд 2000-2006 он хүртэл эмэгтэйчүүдийн триалын дэлхийн аваргад тасралтгүй түрүүлэн эрчүүдийн дэлхийн аваргад ч өрсөлдөх болсон байна.
2010 онд түүнд алдарт Дакар Раллид уралдах боломж гарсан бөгөөд түүний хүүхэд байх үеийн шүтээн болсон Жорди Аркаронс түүнийг дасгалжуулжээ. Лаяа Дакарт бэлдэнгээ эндурогийн дэлхийн аваргын тэмцээнүүднд оролцож байв. 2011 онд анхны дакар уралдаанд Аrcarons RST KH-7 багаас орон 200 гаруй мотоцикльчидоос 39 дүгээр байранд орсон амжилтыг үзүүлжээ.
2012 онд тэрбээр Дакар раллид Gas Gas багаас уралджээ. Гэвч тэрбээр 4 дэх гарааны үеэр осолдон гараа гэмтээж мөн мотоциклийнх нь шатахууны сав нь гэмтсэн ч Лаяа бариандаа орж ирж чадсан байна. Тэрбээр уралдаанаа амжилттай дуусгаж 39 дүгээр байранд жагссанаар уралдааныг дуусгаж чадсан анхны эмэгтэй мотоцикльчин болжээ.
Өнгөрсөн жил тэрбээр амжилтаа ахиулан 12 дугаар байранд орсон бол энэ жил 8 дугаар гараанд уралдааныг тэргүүлэгч нутаг нэгт мотоцикльчин болох Марк Кома болон Хоан Барреда нарын өмнө 5 дугаар байранд оржээ. Тэрбээр өнөөдрийн байдлаар нийт үзүүлэлтээрээ 9 дүгээр байранд жагсаж байгаа аж.
Эх сурвалж: http://horom.mn