Ховд аймгийн Жаргалант сум буюу аймгийн төвөөс урд зүгт зайдуухан дүнхийх нутгийн иргэд эрт үед Талын улаан гэж нэрийддэг байжээ. 1912 онд Ховд хотыг Манжийн түрэмгийллээс чөлөөлөх тулалдааны үеэр Хатанбаатар Магсаржав “дөрвөн хүчтэний төрх бүрдмэл, завилсан баатарын дүртэй, бадмалсан дөл мэт улаан уул байна” хэмээн шинжиж цэргээ баруун талд нь байрлуулж байсан түүхтэй юм. Хожмоо Баатархайрхан хэмээн нэрлэгдсэн нутгийн уулаа Жаргалантчууд энэ сарын 16-ны өдөр тайж, баяр наадмаа хамтатган тэмдэглэлээ. Байгаль эх унаган төрхөө алдаж, хүний гараар эвдрэн сүйтгэгдэх болсон энэ цаг үед энэ арга хэмжээг зохион байгуулж, хайрхан уулаа тахин хүндэлж байгаа нь туйлын зөв зүйтэй үйл хэрэг бөгөөд унаган төрхөөр нь хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг юм хэмээн УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн С.Бямбацогт орон нутгийн удирдлага, зон олондоо илгээсэн баярын мэндчилгээндээ дурджээ. Баатарлаг ард түмний домог түүхийг агуулсан энэ уулын нэрэмжит дуу бүтээх зорилгоор аймгийн нутгийн зөвлөлөөс Баатархайрхан дууны шүлгийн уралдааныг зарласан юм байна. Уралдаанд 100 гаруй бүтээл ирснээс Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн иргэн Ц.Баяраа тэргүүлж, МУСГЗ, Монголын бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан, МЗЭ-ийн шагналт зохиолч Жүгдэрбарам нар удаалсан байна. Анх уг уралдааныг зарлах үед нутгийн зөвлөлийн тэргүүн С.Бямбацогт “Тэргүүн байрын бүтээлээр Тунгалаг буянт шигээ ард түмний дунд алдаршсан сайхан дуу бүтээлгэхийг хүсч байна” хэмээн ярьж байсан юм. Энэхүү билигшээл биеллээ олж, ховдчуудын Баатархайрхан уул удахгүй дуутай болох нээ.
Г,Дарь