Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Кипр улс Грекийн хувь заяаг давтахад ойрхон ирээд байна. Грекийг бодвол эдийн засаг нь хэд дахин бага энэ улсын дампуурал евро бүсэд тийм ч хүчтэй нөлөөлөхгүй. Киприйн санхүүгийн уналт гэнэт болсон зүйл биш. Бүх зүйл 2008 оноос эхтэй. Жижиг арал Кипр, Европын холбоо гэх чөтгөрийн тойрогт 2004 онд нэгдэн ороход нэгдсэн мөнгөн тэмдэгт болох еврод нэгдэхийг тулгасан. Үүнийхээ дүнд санхүүгийн системийн хямрал, банкны салбарын уналт ажиглагдаж эхэлсэн билээ. Хямрал нэгэнт хаалганд тулж ирсэн энэ үед Кипрт нэг л түнш байгаа нь ОХУ. Шийдвэр гаргагчид аль хэдийнэ Оросоос тусламж хүсэх тухай ярилцаад эхэлсэн. Харин жирийн ард иргэд нь эсэргүүцэн, жагсч улс гүрнээрээ дампуурахыг хүсэхгүй байна.

Мандалтаас уналт руу

Хамгийн олон хүн суурьшдаг дэлхийн гурав дахь томоохон арал улс гэгдэх Киприйн хувь заяа өмнө нь тэс өөр байлаа. Хүний хөгжлийн индекс, амьдрахад хамгийн тааламжтай улс, бизнест хамгийн ээлтэй орон гэгдэж байсан цаг саяхан. 1960 онд Их Британиас туурга тусгаарласны дараачаас эхлээд эдийн засгийн эрчимтэй өсөлт, ажил эрхлэлтийн төвшин зэргээрээ Европ болоод дэлхийг гайхашруулж ирсэн. Гэтэл 2009 оноос эхлэн эдийн засгийн өсөлт нь удааширч, хүний хөгжлийн индекс нь алгуураар унаж эхлэв. Ард иргэдийн ихэнх нь зээлээ төлж чадахгүйд хүрч, үүнийгээ дагаад Засгийн газар нь ч хүнд байдалд орж эхэлсэн юм. Асуудлыг улам хурцатгасан нэгэн зүйл байсан нь Турк. 1974 онд үл довтлолцох гэрээ байгуулсны дараачаас эхлээд Турктэй эдийн засгийн нарийн холбоотой болж эхэлсэн. Худалдаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл гээд чамгүй салбарт харилцаа нь өргөжсөн байна. Гэтэл аялал жуулчлалын салбарын харилцаа нь 50 хувиар, үйлдвэрлэлийн салбарын харилцаа нь 46 хувиар, уул уурхайн салбар дахь харилцаа нь 70 хувиар унасан байв. Турк улсад эдийн засгийн хямрал нүүрлээд эхэлсэн тэр цаг үеэс Кипр дампуурал руу алхаж эхэлсэн юм. 1980 оноос Киприйн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6,1 хувиар өсч байсан. Хамгийн өндөр хувьдаа хүрч байсан нь 1992 он бөгөөд ДНБ-ний өсөлт нь 9,7 хувьд хүрч байжээ. Түүнээс хойш харьцангуй тогтмол байсан гэж хэлж болох юм.
 
Жижиг арлын эдийн засаг хагас боловруулсан бүтээгдэхүүн, байгалийн хийн нийлүүлэлт, хүнд машин, механизмын үйлдвэрлэл, харилцаа, холбооны систем зэргээс тогтдог. Энэ бүх зүйл нь дэлхийн эдийн засагтай, тэр дундаа европын холбоотой хамааралтай байсан учраас эдийн засагт нь сөргөөр нөлөөлж эхэлжээ.

Чөлөөт уналт буюу хямрал, хямрал

Киприйн санхүүгийн харилцаа маш өвөрмөц. ОХУ болон зүүн Европ санхүү, эдийн засгийн томоохон түнш. Ялангуяа ОХУ-ын бүх өөрчлөлт шинэчлэлтийн үед харилцаж байсан гэдгээрээ онцлог. Энэ ч утгаараа ОХУ-ын олигархууд Киприйн банкуудад өөрсдийн мөнгөө байршуулдаг гэсэн баримт бий. Дэлхийн эдийн засгийн хямралд харьцангуй хохирол багатай тэсч үлдсэн энэ улс хямралын дараачаас эхлээд ганхаж эхэлсэн. Евро бүсийн хямрал ч багагүй нөлөөлсөн. Хамгийн хүчтэй нөлөөлсөн нь Грекийн өрийн хямрал. Учир нь Грекийн хүн амын дундаж давхаргын дийлэнх нь Киприйн төв банкинд хадгаламжтай байсан бөгөөд нийт 22 тэрбум ам.долларын хадгаламж эргүүлэн татжээ. 2011 оноос санхүүгийн систем нь тэр чигтээ гинжигнэж эхэлсэн юм. Хувь хүмүүсийн зээлийн хэмжээ нэмэгдэх тусам, банкинд өр болох нь ихэсч байлаа. Үүнээс яг жилийн дараа буюу 2012 оны дөрөвдүгээр сард ОХУ-аас дөрвөн жилийн хугацаатай жилийн 4,5 хувийн хүүтэй 2,5 тэрбум ам.долларыг зээлсэн юм. Үүнээс хойш Киприйн хоёр том банк хүнд байдалд орж эхэлсэн билээ. 2013 оны эхний хагаст Киприйн олон улсын зээлжих зэрэглэл BB+ болж, бүх европын өрийн дунджаас нэмэгдэж эхлэв.

Киприйн хямралд чухам хэн туслах нь одоогоор тодорхойгүй байна. Олон улсын валютын сангаас 10 тэрбум еврогийн зээл олгох боломжтой гэдгийг албан ёсоор мэдэгдсэн ч парламентын гишүүдийн 36 нь үүнийг дэмжихгүй байгаа. Хамгийн гол нь жилийн 6,7 хувийн хүүгээр барьцаалж байгаа нь Киприйн дургүйцлийг хөдөлгөөд байгаа юм. Харин ОХУ өмнө нь зээлсэн мөнгөн дээрээ нэмээд 10 тэрбум евро зээлж болох тухайгаа мэдэгдээд байгаа. Гэхдээ ЕХ зээл өгөх эсэхийг тэр бүр яаруулахгүй. Учир нь жижиг эдийн засаг болох Кипр дампуурах нь ЕХ-нд хамаагүй учраас. Гэхдээ байдал хэрхэхийг харах л үлдлээ.

С.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж