Хууль санаачлагчийн танилцуулснаар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн статусыг тодруулах зорилготой юм байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулагдсан цагаас хойш гишүүнээр ажиллаж байсан хүмүүс одоо гадаадын хөрөнгө оруулалттай компанийн зөвлөх хийж байгаа гэх мэт тохиолдол олон байгаа.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, гишүүн нь Монгол Улсын ерөнхий сайд, УИХ-ын дарга нар байдаг юм. Одоогоор ҮАБЗ-ийн гишүүн гэвэл нийт 16 хүн байгаа юм байна. Тиймээс эдгээр 16 хүнийг үүрэгт ажлаа өгснийхөө дараа ҮАБЗ-д зөвлөх хийх, эсвэл улсын нууц задруулахгүй байхаар тусгаж, ҮАБЗ-ийн даргын зөвлөх байхаар хуулийн төсөлд тусгажээ. ҮАБЗ-ийн гишүүд нь Монгол Улсын нууцтай холбоотой бүх мэдээ, мэдээлэл, ямар нэг асуудлыг мэдэж байдаг учраас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компанид зөвлөгөө өгөх, зөвлөхөөр ажиллах нь буруу гэсэн үүднээс энэхүү хуулийн төслийг санаачилсан байна.
Байнгын хорооны хуралдаанаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм. Тиймээс гишүүд саналаа хуваалцсан юм. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд “Энэ хуулийн төслийг агуулгаар нь дэмжиж байна. Гэхдээ хуулийн төслийг сайтар боловсруулах нь зүйтэй. ҮАБЗ-ийн дарга байсан хүн өнөөдөр гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид зөвлөх хийгээд сууж байна. Тиймээс шууд Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, зөвлөх болгохыг нь өөрчлөөд, цаашид энэ хуулийн төсөл дээр сайтар ажиллавал зохино. Мөн УИХ-ын даргыг хасах хэрэгтэй. УИХ дарга 76 гишүүнээс сонгогдож, хурал удирдаж байгаа учраас ҮАБЗ-ийн бүх гишүүд зарим нь гэж авч үзэх нь зүйтэй байх” гэлээ.
ҮАБЗ-ийн тэргүүн нь Ерөнхийлөгч байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон дөрвөн хүнийг бүх насаар нь гэр бүлийн хамт хамгаалах, туслалцаа үзүүлэх нь зүйтэй гэж үзэх гишүүд байсан юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Агуулгаар дэмжиж байна. Гэхдээ Ерөнхийлөгч ажлаа өгсний дараа гэр бүлийн хамт аюулгүй амьдрах баталгааг төр хариуцах нь зүйтэй. Хамгийн чухал нь Ерөнхийлөгч байсан хүн албан тушаалаа өгвөл дахин улстөрд орохгүй байх гэдгийг оруулж өгөх ёстой юм. Тиймээс ҮАБЗ-ийн бүх гишүүд бус зөвхөн Ерөнхийлөгч гэдэг дээр тогтоод явбал дээр байх” гэлээ.
Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа Монгол Улсын ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхээр санал хураасан ч таван гишүүн татгалзсанаар энэхүү хуулийн төсөл дэмжигдээгүй юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга энэхүү хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд дэмжигдээгүй гэсэн томъёоллоор санал хураахаар болсон юм. Хэрэв УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжвэл Г.Уянга гишүүний санаачилсан хуулийн төсөл унана. Харин байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжихгүй бол Монгол Улсын ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу ҮАБЗ-ийн гишүүд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа тодорхой ажил эрхлэхээр болж байгаа юм. Энэ пүрэв гаригт хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар санал дэмжигдэх эсэх нь тодорхой болох юм.