![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/11/8ba790048ac8e728/c6fbccc52f4ad197big.gif)
УИХ-аас өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг баталснаар эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах үүрэг хүлээсэн юм. Энэхүү даалгаврыг Засгийн газар амжилттай гүйцэтгэснээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд олон улсын зах зээлд “Чингис бонд”-ыг арилжаалсан. Харин өчигдөр Монголбанкны дансанд 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн. Үнэт цаас гаргахын тулд таван орны хөрөнгө оруулагчидтай уулзаж, зөвшилцсөнөөр 500 сая ам.долларыг 5 жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 4.125 хувь, үлдэж байгаа 1 тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 5.125 хувь байхаар тооцож гаргасан. Энэ нь АНУ-ын таван жилийн өмнө гаргаж байсан бондын хүүнээс бага үзүүлэлт гэнэ. Харин бондын эргэн төлөлт 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд хийж дуусгахаар төлөвлөсөн бол 10 жилийн хугацаатай 1 тэрбум ам.долларын бондын хүүг 2023 онд хийж дуусгахаар төлөвлөсөн тухай Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Харин бондоос босгосон хөрөнгийг юунд зарцуулах вэ гэвэл төмөр зам, аж үйлдвэр зэрэг их бүтээн байгуулалтын ажилд эх үүсвэр болгон ашиглана. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нэг ам.доллар зарцуулаад, хоёр ам.доллар босгох үр ашигтай төсөлд зарцуулах ёстой гэсэн зөвлөмж өгсөн тул тэр чиглэлээр ашиглана гэдгээ мөн онцоллоо.