“American Ballet Theatre” буюу АВТ нь АНУ-ын балетын хамгийн алдартай компани бөгөөд энэ улирлынхаа тоглолтоо аравдугаар сарын 16-нд “Метрополитан” театртаа “Rodeo” балетаар нээжээ. Уг жүжигт Саша Радецки гоцолсон аж. Тэрээр мөн өнгөрсөн долоо хоногт Барселонд урилгаар тогложээ. Сонгодог тайзнаа бүжгэн жүжигт гоцлох тэрээр “Center Stage” кинонд гоцлон тоглож, Чарлигийн дүрээр Холливудэд нэрээ мөнхөлсөн нэгэн аж.
Саша Радецкийн тухай товч танилцуулбал, АНУ-ын Калифорни мужийн Санта Круз хотод төрсөн. 15 настайдаа Москвагийн Большой академид уригдан очиж, Пётр Пестов хэмээх алдартай багшийн удирдлага дор суралцсан, Америкийн балетын театрын Сонгодог бүжгийн сургуулийг Михайл Баришниковын удирдлага дор тус тус суралцан төгсчээ. Тэрээр 1995 онд “American Ballet Theatre”-т орж, 1996 онд гишүүнээр элсэн, 2003 онд балетын гоцлооч болсон байна. Түүний бүжгийн урын санд “Үнсгэлжин”, “Le Corsaire”, “Дон Кихот”, “Жизель” , “Цөмөөхэй”, “Отелло”, “Петрушка”, “Ромео Жульета” “Нойрсч буй гүнж”, “Хунт нуур” зэрэг Америк болон Европын олон уран бүтээл бий. Мөн тэрээр “Newsweek”, “Dance Magazine”, “Dance Spirit and World Arts”, “Today.com цахим хуудсанд өгүүллүүдээ бичиж байжээ. Радецки АBT балетын гоцлооч Стелла Абрератай гэрлэсэн юм.
Радецки нь алдарт балетмейстрүүд болох Жорж Баланшин, Марк Моррис, Пол Тэйлор, Лар Любович, Ноён Кеннет МакМиллан, Твила Тарп, Энтони Тюдор, Жон Кранко, Агнес Де Миль, Жорма Эло, Жероме Роббинс, Энн Рэйнкинг, Кристофер Уйлдон мөн Жири Килиан нарын уран бүтээлүүдэд ихэвчлэн тоглодог. Түүнчлэн саяхан бүжиг дэглээч Бенжамин Миллепид буюу “Хар хун” киноны бүжиг дэглээч, Натали Портманы нөхрийн уран бүтээлийг амилуулжээ.
Саша Радецкийн гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү