Каддафийн үхэлд Ассадыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Каддафийн үхэлд Ассадыг буруутгав

Муаммар Каддафи ба Башар Ассад, 2008 он. Архивын фото, AFP

Ливийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байсан нэгэн Мауммар Каддафийг устгахад Францын тагнуулчид оролцсон гэж ярьсан  тухай Италийн “Corriere della Sera” сонин өгүүлжээ. Жамахирийн лидерийг илрүүлэхэд Францын тагнуулчдад Сирийн ерөнхийлөгч Башар Ассад тус болжээ.

Ливийн иргэний дайны үеэр босогчид болон гадаадын тагнуулын албадын хоорондын харилцааг хариуцаж байсан Рами аль-Обейдийн (Rami El Obeidi) ярьснаар Ассадын дэглэм францчуудад Каддафийн хиймэл дагуулын холбооны утасны дугаарыг өгч түүгээр нь Ливийн лидерийг олжээ. Босогчдын эзэлсэн Триполи хотоос Каддафи гарч явсныхаа дараа Сирид орогносон өөрсдийн талын хүмүүстэй хэд хэдэн удаа түүнийг ярих үеэр утасны дохиог тагнуулчид барьсан байжээ.

Төрөлх хот Сиртаас зугтаж явсан Каддафи 2011 оны аравдугаар сарын 20-нд алагдаж, хэрхэн амь үрэгдсэн нь төдийлөн тодорхой биш хэвээр байгаа. Эхлээд түүний цувааг Америк, Францын онгоцнууд бөмбөгдөх үеэр шархадсан гэгдэж байв. Харин НАТО цуваанд түүний явсан эсэхийг мэдэхгүй гэж байсан юм.

Бөмбөгдөлтийн үеэр тэрээр машинаас гарч замын ус дамжуулах хоолойд нуугдаж байхад нь босогчид түүнийг олсон гэж байсан . Толгойдоо шархатсан тэрээр эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан гэж мэдээлж байлаа. Аль-Обейди ярьснаар босогчдыг тийш нь Францын тагнуулчид илгээсэн аж. Ливийн лидерт довтлох гэж байгааг Турк болон Их Британийн  тусгай албаныхан мэдэж байжээ.

Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн дарга байсан Махмуд Жибриль Каддафийг устгахад гадаадын тагнуулын алба оролцсон гэж хэлж байсныг “Corriere della Sera” сонин сануулсан байна. Каддафи  Саркозийн сонгуулийн кампанийг санхүүжүүлснээ илчилнэ гэж заналхийлсэн учраас Францын тагнуулчид түүнийг устгахад оролцсон байж болох юм гэсэн таамаглал байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж