“Дэлхийд нэртэй эрдэмтэд номын хур буулгана”

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

“Дэлхийд нэртэй эрдэмтэд номын хур буулгана”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ардчиллын гол онолчид болох Фрэнсис Фукуяама, Ларри Даймонд, Стивен Краснер  нар удахгүй Монголд ирж лекц унших гэж байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай ярилцлаа.

-Дэлхийд нэртэй ардчиллын гол онолчид Монголд ирж, лекц уншихаар болсон байна. Энэ арга хэмжээг та зохион байгуулах юм байна. Ер нь тэр нэртэй хүмүүс яагаад Монголыг сонгож ирэх болов?

-Дэлхийн алдарт эдийн засагч Эрнандо де Сато гэдэг хүн өмнө нь Ерөнхийлөгчийн урилгаар ирж, лекц уншиж байсан. Энэ хэмжээний олон нийтэд хандсан лекц удахгүй болно. Эрнандо де Сато хүрч ирэхэд залуучууд, эрдэмтэд, улстөрчид, манай бизнесийнхэн бүгд түүнтэй уулзсан. Ингэхэд түүний хэлсэн ганц гоё үг байдаг.  “Танай Монголын гэр хороололд долоон тэрбум ам.долларын хөрөнгө бүртгэлгүй байж байна. Түүнийг бүртгэж аваад эдийн засгийн эргэлтэд оруулбал Монголын эдийн засаг дээшээ хөгжих боломжтой” гэсэн. Эрнандо де Сатогийн ганц хэлсэн санаа бол “Бүртгэл, бүртгэл, бүртгэл. Бас дахин бүртгэл”. “Юмаа бүртгээч ээ” л гэсэн байхгүй юү. Түүний лекцийг сонссон төр, засгийнхан, хувь хүмүүс бүртгэл тал дээр анхаарч ажилладаг болчихсон. Миний анзаарч байхад жижиг, дунд үйлдвэрийнхэн юмаа бүртгэдэг, иргэд газраа өмчилж авдаг тийм болчихсон.

Одоо манай Нийслэлийн Засаг даргад нэр дэвшээд байгаа Э.Бат-Үүл баатрын дэвшүүлээд байгаа санаа бол түүний суурь шүү дээ. Гэр хорооллынхон газраа ав, байшин, хаус барь, юмаа бүртгэ гэж байгаа. Эрнандо де Сатогийн санаа ийм байсан.

Одоо ирэх гэж байгаа хүмүүс бол ардчиллын тулгуур ойлголтууд болсон улс төр, эдийн засгийн асуудлаар том том нээлт хийсэн номын зохиогчид байгаа. Ялангуяа профессор Фрэнсис Фукуяамаг бүгдээрээ мэднэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Харвардад сурч байхдаа түүнтэй найз байсан. Ерөнхийлөгчийн хувийн хэлхээ холбоо, харилцаа энэ нэртэй төртэй хүмүүсийг Монголд айлчлахад их нөлөөлсөн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө Ази тивээс гарсан ардчиллын загалмайлсан эцэг байж байна. Харвардад сурсан байна. Өөрөөр хэлбэл, манай энэ Азийн районд байхгүй моделийг Монголд байгуулсан.

Тэр талаас нь тэдгээр хүмүүс Монголыг сонирхоод, Ерөнхийлөгч хувийн найзын шугамаараа тэднийг урьсан л даа. Энгийн үгээр хэлбэл “Манай Монголыг нэг очоод үзээч. Та нарт зохиол номд чинь жишээ болох гоё газар байгаа” гэнгүүт олон жилээр ажлаа урьдчилаад төлөвлөчихдөг тэр нэртэй хүмүүс гурвуулаа хамтдаа, нэг дор ирэхээр болоод байна. Гурвуулаа нэг дор ирнэ гэдэг тун ховор үзэгдэл байхгүй юү. Монголчууд Фрэнсис Фукуяамаг арай илүү мэднэ. Нөгөө хоёрыг мэргэжлийн төвшинд чиглэл чиглэлээрээ илүү мэднэ. Хорин жилийн дараах Монголын ардчиллын моделийг тэд хараад санаануудаа лекцдээ тусгаад хэлэх юм. Тэгэхээр манай сийрэг толгойтой залуус лекцэнд суугаад Сато дээрээс сортоо авсан шигээ ганц нэг санаа зулгааж авбал гол ач холбогдол бүрдэж байгаа юм.

Ерөнхийлөгчийн хувийн зочин учраас лекцээс гадна бас хөдөө гадаа явж Монголын эдийн засаг, байгаль орчныг судлах ажил бас байгаа. Өмнөговь, Хархорин ямар байдаг юм. Монголчуудын соёл, өв ямар юм. Дэлхийд гайхуулах уул уурхай нь ямар юм. Цөөн хүнтэй, том нутагтай орон ямар байдаг юм гэдгийг сонирхоно. Дээрээс нь Стратегийн судлалын хүрээлэнд тав хоногийн мэргэжлийн сургалт хийнэ. Түүнд улс төр, бизнес сонирхдог хүмүүс нэрээ өгөөд чөлөөтэй орж сонирхож болно.

-Ирэх хүмүүс ямар гол онол номтой хүмүүс вэ?

-Фрэнсис Фукуяама гэхэд олон улсын шилдэг их дээд сургуулиудад уригдаж лекц уншдаг хүн. Улс төр, эдийн засгийн холбогдолтой олон ном зохиол бичиж дэлхийд алдаршсан. Хамгийн алдартай ном нь “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” юм. Энэ ном шүүмжлэгчдээс магтаал хүртэж, олны дунд ихээхэн шуугиан тарьсан байдаг. 1992 онд худалдаанд гарсан даруйдаа АНУ, Франц, Япон, Чили улсад хамгийн олон тоогоор борлогдсон номоор тодорч, бас “Лос Анжелес Таймс”-ын шилдэг номоор шалгарч байсан.

Энэ удаа Монголд ирэхдээ орчин үеийн, аль нэг хувь хүнийг шүтсэн бус, өмчийн эрх, мөн иргэний эрх, эрх чөлөөг хангаж ажилладаг төртэй байх нь дан ганц эдийн засгийн хөгжилд бус ардчилал оршин тогтноход амин чухал ач холбогдолтой талаар Фрэнсис Фукуяама ярих бололтой байгаа.

Ларри Даймонд нь Ардчилал, хөгжил ба хуулийг дээдлэх төвийн /CDDRL/ захирлын алба хашдаг. Энэ төв нь ардчиллыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Л.Даймонд АНУ-ын Төрийн департамент, НҮБ, Дэлхийн банк болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг төр засгийн болоод олон улсын нэр хүндтэй байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байсан хүн. Энэ нь түүнийг ямар нэр хүндтэй, олон улсад танигдсан мэргэжилтэн болохыг нотлон харуулдаг.

Аливаа ардчилсан улс орны нэн тэргүүний чухал асуудал нь засаглалыг батжуулахад оршиж байх ёстой гэдэгт Л.Даймонд бат итгэлтэй гэдгээ харуулсан. Хэрэв ингэж чадахгүй бол ард түмэн өөрсдөө төр засгийн эрх мэдлийг гартаа авахыг зорин араатан шинжтэй болдог гэнэ. Нэгэнт ийм болсон үед аливаа нийгмийн адгууслаг шинж төрх илэрч, зөвхөн өөртөө баялаг хуримтлуулахын төлөө өрөөлийн эрх ашгийг уландаа гишгэн, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, засаг төрийнхөө хөрөнгөөс хумслах нь наад захын асуудал болдгийг тэр хүн бичсэн номуудлдаа тусгасан байдаг. 

Иймээс АНУ тэргүүтэй хөгжингүй орнууд ардчилал бүрэлдэн тогтож эхэлж буй улс орныг зөвхөн хөрөнгө мөнгөөр дэмжих бус тэдгээрт бүхий л арга замаар туслах ёстой гэдэгтэйЛ. Даймонд санал нэг байдаг.

Стивен Краснер нийт зургаан ном бичиж, 90 гаруй өгүүллэг нийтлүүлсэн хүн юм. АНУ-ын дипломатчдын дунд С.Краснер нэр хүндтэй, шилдэг эрдэмтэнд тооцогдож, энэ салбартаа хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад зүй ёсоор багтдаг. АНУ-ын гадаад харилцааны салбарын боловсон хүчнийг бэлтгэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлсээр ирснийг төр засаг нь хүлээн зөвшөөрдөг хүн юм билээ. Ийм алдартай хүмүүс Монголд ирж лекц унших гэж байна.

-Лекц хэзээ болох вэ, урилгыг хаанаас авч болох бол?

-Төрийн ордны их танхимд “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд”, “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас” зэрэг сэдвээр энэ гурван эрхэм хүн лекц уншин номын хур буулгаж  монголчуудтай ярилцах юм. 

Лекц энэ наймдугаар сарын 13-ны өглөө 10.00 цагт эхэлнэ. Тэр арга хэмжээнд энгийн иргэд, эрдэмтэн сэхээтэн, төрийн албан хаагчид, улстөрчид, бизнес эрхлэгчид гээд оролцохыг хүссэн, сонирхсон 1000 хүнийг урихаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар төлөвлөөд байна. Урилгыг “Интерном” дэлгүүрээр дамжуулан олгох юм.

                         Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж