Тэд сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн бага хурал хийлгэж сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэдний мэдээлснээр "Тираннозавр Батаар"-ын араг яс нэг, хоёр сарын дараа гэхэд эх орондоо ирэх аж. Монгол Улсын Ерөнхийлөгч идэвх зүтгэл гарган шуурхай ажиллаж эх орныхоо үнэт олдворыг буцаан авч чадаж байгааг ноён Роберт Пэйнтер том амжилт хэмээн үнэлж байлаа.
"Тираннозавр Батаар"-ыг АНУ-ын иргэн Эрик Прокопи гэгч Их Британиас АНУ руу “Гүрвэлийн яс” гэсэн шошготойгоор оруулж байжээ. Араг ясыг 1920-иод онд ч юм уу, түүнээс хойш Японоор дамжуулан Их Британид хүргэсэн бололтойг ноён өмгөөлөгч хэлсэн юм. Ямар ч гэсэн Эрик Прокопи гэгч нь нэг бус удаагийн үйлдлээр иймэрхүү хэрэг үйлдэж, мөн нэг бус удаа дуудлага худлалдаанд оруулах гэж байсан хууль бус эд зүйлсээ хураалгаж байжээ.
Саяхан, сүүлийн нэг сарын хугацаанд мөн л Монголоос гаралтай өөр нэг үлэг гүрвэлийн ясыг АНУ-ын Калифорнид худалдах гэж байсныг илрүүлэн хураасан байна. Ингэхээр "Тираннозавр Батаар" ганцаараа биш, “ижилтэйгээ” эх орондоо ирэх бололтой.
"Тираннозавр Батаар"-тай холбоотой асуудлаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.