“Монгол аялгуу шингэсэн бүтээл хийх хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

“Монгол аялгуу шингэсэн бүтээл хийх хэрэгтэй”

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргалтай телевизийн урлагийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед телевизийн урлагт шоу нэвтрүүлэг хүч түрэн орж ирэх болсон. Ялангуяа дуучин төрүүлэх шоу нэвтрүүлэг их болжээ. Аливаа юмны тун хэмжээ нь ихэдвэл утга учраа алдаж, үнэ цэнэгүй болдог гэдэг. Энэ шоунуудад ер нь бусдаасаа ялгарах онцлог байна уу?

-Сүүлийн үед хийгдэж байгаа шоу нэвтрүүлгүүд нэг нь дуулдаг, нэг нь шүүдэг, нэг нь шалгардаг гэсэн адилхан зарчмаар явагдаж байна. Харин бусдаас ялгарах нэг зүйл нь зорилго, зохион байгуулалт, хэлбэр хийцээрээ л ялгарч байгаа. Өөр ялгарах зүйл харагдахгүй байна. Дэлхийн бусад орнуудад ч гэсэн яг нэг хэлбэрээр л хийгдэж байгаа шүү дээ. Харин тухайн шоуны найруулагчийн  шийдэл, шинэчлэл, шоугаа харж байгаа өнцөг хэлбэр нь өөр. Үндсэн язгуур дүрэм бол өөрчлөгдөх боломжгүй болоод байгаа юм. Зорилгоо зөв тодорхойлоод найруулагч нь маш том шинэчлэлийг хийх хэрэгтэй. Гэхдээ шинэчлэл хийлээ гээд телевизийн тогтсон жанрыг эвдэж болохгүй.

-Таны хувьд энэ олон шоунуудаас төрөн гарч буй хамтлаг, дуучид ямар бүтээлийг илүү түлхүү хийгээсэй гэж боддог вэ?

-Бусдаас ялгарах онцлогтой байх нь чухал. Дуучин Болд ятга, уртын дуу, хөөмий, морин хуурын аялгууг шингээсэн уран бүтээлүүд хийх болсон. Бид нар чинь дэлхийд гайхагдсан, өөр хаана ч байхгүй ардын урлаг, өв их соёлтой хүмүүс шүү дээ. Энэ л бидний ялгарах онцлог. Камертон хамтлагийнхан мөн л хөвгүүдийн хамтлаг гаргаж ирэх зорилготой “Камертон 2” төсөл дээр ажиллаж байна лээ. Таван жилийн продюсингийн гэрээтэй гэж сонссон. Энэ хугацаанд Д.Болд их зүйлийг хийхээр төлөвлөж байгаа байх. Энэ л тэдний зорилгоороо бусдаас ялгарч байгаагийн илрэл. Энэ шоунаас гарч ирсэн хамтлаг нь Камертон хамтлагийг дуурайх биш тэдний бий болгосон хөрс суурин дээр эв нэгдэл, эрч хүч, Монгол урсгал, Монгол хэмнэл, Монгол аялгуу гэх мэтчилэн суралцах зүйлийг нь аваад улам хөгжүүлээд цаашаа явах хэрэгтэй. Залуучууд маань Монгол ардын дууг поп, R&B стилиэр дуулвал яаж дуулах вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Шинэ дуу гаргалаа гэхэд тэр нь Монгол агаартай, Монгол стильтэй байх хэрэгтэй. Харин дараа нь зүүн өмнөд азийн рок попын зах зээлрүү  орж судлах хэрэгтэй юм. Япон поп, Солонгос поп гээд эд нар чинь бүгд л бие биенээсээ ялгарах онцлогтой байдаг ш дээ. Бүр цаашлаад далайн арлын орнуудын поп рокын зах зээл рүү орох хэрэгтэй. Үүний тулд мэдээж Англи, Хятад хэл эзэмших хэрэгтэй. Эдгээр залуучуудад ийм авъяас, нөөц боломж бий гэж бодож байна. Энэ бол богинохон хугацаанд үр дүн нь гарах эд биш л дээ. Мэдээж олон жилийн продюсингийн ажил хэрэгтэй.

-Ялгарах онцлог гэснээс “Соёл-Эрдэнэ”, “Инээмсэглэл”, “Харш”, “Өргөө” гээд алтан үеийн хамтлагууд маань бие биенээсээ үнэхээр ялгарч чаддаг байсан. Өөр өөрийн гэсэн онцлогтой, уран бүтээлүүд одоо хүртэл бид бүгдийн сэтгэлд хоногшин үлдсэн сайхан бүтээлүүд туурвидаг байжээ. 

-Өөрсдөө, үг, аяаа зохиож, хөгжмийн найруулга хийж, бусдаас ялгарах өөрсдийн онцлогоо үнэхээр харуулж чаддаг байсан. 1960-аад оны дуунууд бол цэвэр пинтатоник дэвсгэр дээр хийгдсэн дуунууд. Сэтгэлд удаан хоногшдог, аялгуу нь маш ойлгомжтой байдаг учир нь тэр юм. Цаг үе улиран өнгөрөх тусам тэр үед дуулагдаж  байсан уран бүтээлүүдийг нь залуучууд шинэ хэмнэлээр дахин дуулахгүй л бол хүлээж авах нь муу байдаг. Иймд тухайн цаг үеийнхээ хэмнэл, сонсогчдод зориулан өөрчлөх  хэрэгтэй болдог. Жинхэнэ Монгол дуу гэдэг 1960-1970-аад оны үед байсан юм. Нийгмийн хөгжилд, бүхий л салбарт даяарчлал гэдэг зүйл явагдаад байна л даа.Даяарчлагдаад ирэхээр дуу өөрөө бүхэлдээ өөрчлөгдөөд ирж байна. “A Sound” гэхэд л одоогоор “Hi Fi” рекордсын нэгдүгээрт явж байна. Англи, Америк гэх мэтчилэн орнуудын аялгуутай дууг дуулж байгаа нь дуу хөгжимд орж ирж байгаа даяарчлал нэвтэрч байгаагийн тод жишээ юм. Харин үүний эсрэг байхын тулд Монгол дуу, Монгол хэмнэлээ дэлхийн хэмжээнд жинхэнэ Монгол хувилбараар нь хүргэнэ гэсэн зорилоготой байх хэрэгтэй.

-Баярлалаа.Таны ажилд амжилт хүсье.

-Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье. Нэгэнт хоёулангийх нь яриа телевизийн шоу нэвтрүүлгүүдийн талаар эхэлсэн болохоор хоорондоо өрсөлдөх биш, шинийг сэтгэж, хэтийн зорилт тавин, зорилгодоо хүрэхийн төлөө хичээнэ ажиллаарай гэж хэлмээр байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж