Булган аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсээс энэ оны барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын зорилтуудаа тодорхойлон эхнээс нь шуурхай зохион байгуулж эхэллээ. Энэ онд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөр, зээл тусламжийн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Үүнд, Булган сумын төв талбай, хүүхэд залуучуудын парк, цагаан суварга зэрэг барилга байгууламжийн шинэчлэлт, тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийж, барилгын бирж, авто вокзал, оношилгооны төв, газар хөдлөлтийг бүртгэх станц, нэгдсэн эмнэлгийн 50 ортой төрөх газар, Хялганат тосгон, Баян-Агт, Тэшиг, Гурванбулаг сумын соёлын төв, сургууль зэрэг барилгыг ашиглалтад оруулах аж. Мөн Кувейтын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Уньт–Хутаг-Өндөр-Намнангийн ар чиглэлийн 88 км хатуу хучилттай замын ажлыг эхлүүлж, аймгийн төвд гурван км хатуу хучилттай зам барих, үерийн хамгаалалтын далан, сувгийг сэргээн засварлаж, дулааны станцын цахилгаан хангамжийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэн Хялганат тосгоны нэгдсэн халаалтын системийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, Булган, Хутаг-Өндөр суманд гэрэлтүүлэг, Баян-Агт, Хялганат, Тавт тосгоны цахилгаан эрчим хүчний шугам, дэд станцын шинэчлэлтийг зохион байгуулах юм байна.
А.Зул