Оюутнууд хохирол амсахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Оюутнууд хохирол амсахгүй гэв

Нийслэл хотод суралцаж буй их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврээр карт болон билетээр хөнгөлөлттэй зорчдог. Гэвч 2011 оны шинэ хичээлийн жил эхэлснээс хойш оюутнууд одоо болтол билет буюу наалтаа авч  чадаагүй байна. Мөн наалтын хүрэлцэх тоо дутмаг байна гэсэн мэдээллийн дагуу МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батбаяраас тодрууллаа.

-Оюутны хөнгөлөлтийн картын наалтанд хэвлэлийн алдаа гарсан гэсэн?

-Оюутны нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих наалт есдүгээр сарын 15 өдөр ирэх ёстой байсан боловч хэвлэлийн компанийн алдаатай үйл ажиллагаанаас болоод хойшилсон. Гэвч оюутнууд ямарч хохирол амсахгүй. Учир нь шинэ захиалгын наалт иртэл буюу аравдугаар сарын 8 хүртэл хугацаанд оюутнууд виза карттай л бол нийтийн тээврийн автобусаар үнэгүй үйлчлүүлэх боломжтой байгаа

-Яг ямар алдаа гарсан юм бол?

-Энэ наалт нь тусгай хамгаалалттай болохоор гадаад улсад хэвлүүлдэг. Тусгай нууцлалынх нь үг буюу монгол үгийг нь буруу харуулаад хэвлэсэн байсан болохоор бүгдийг шууд устгалд оруулсан.

-Бусад хэвлэлээр зарим оюутнуудад наалт тарааж өгсөн боловч буцааж хураан авч байгаа гэсэн мэдээлэл гарсан үнэн үү?

-Үгүй. Нэг ч наалт тараагдаагүй. Энэ ташаа мэдээлэл байна.

-Гадаад оронд гэж аль улсад хэвлүүлдэг юм бэ?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Бидний захиалагч “Монголын үнэт цаас“ гэж компани байдаг тэднийх мэднэ.

-Наалтыг “шаглаж”, 30-40 мянгаар зарж байна гэж яригдаад байгаа энэ талаар?

-Наалт нэг ч хүнд тараагаагүй байхад ямар юмыг шаглахав дээ. Тийм зүйл огт болоогүй. Харин оюутны хөнгөлөлтийн картны мөнгийг оюутнуудаас нэмж авсан хэрэг гарч манай холбооноос шалгахад, МУИС-иас тийм зөрчил илэрсэн.

-Ямар арга хэмжээ авах уу?

-МОХ цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг. Тиймээс цагдаагийн байгууллага шалгаж, тус оюутныг сургуулиас нь хөөсөн байгаа. Хэрвээ ямар нэгэн үнэ нэмсэн дамласан  асуудал гарсан бол баримтжуулаад  манай холбооны 70111143 дугаарын утсанд мэдэгдээрэй. Бид дор нь арга хэмжээ авах болно.

Н.Туул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж