Тэтгэврийн хулгайтай тэмцэх боллоо

Хуучирсан мэдээ: 2016.12.03-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн хулгайтай тэмцэх боллоо

Нийгмийн даатгалын зарим байцаагч ахмад настны тэтгэврийг багаар тогтоочихоод, бичилт хийхдээ өндрөөр тавьж, зөрүүг нь хумсалдаг нарийн аргатай болоод байсан нь дотоод шалгалтаар илэрсэн бололтой, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ төрлийн хулгайтай тэмцэхээ өчигдөр (2016.12.02) мэдэгдлээ.

Мөн сайдын хэлж буйгаар тэтгэвэр олгодог банкны нэгхэн салбар дээр 187 орчим сая төгрөгийн зөрчил илэрсэн нь ноцтой баримт юм.

Салбарын яамнаас гаргасан статистик мэдээгээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 332 мянган ахмад настан тэтгэвэр авч байна. Тэтгэвэр олгох бүрийд сар тутамд 113 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин эл мөнгөний хэдэн хувь нь ахмадуудад хүрч, хэд нь дундаас нь алга болж, буруу замаар оров гэдэг одоо хийж байгаа шалгалтын дүн эцэслэгдэхэд тодорхой болох юм.

Мөн удахгүй ахмад настнуудад тэтгэврээ дахин тогтоолгох аян зарлах нь. Ингэснээр буруу тогтоосон тэтгэврээ үнэн зөвөөр тогтоолгох боломжийг ахмад настнуудад олгоно.

Ер нь ахмадуудын дунд “Ажилласан жил, авч байсан цалин аль, аль нь Доржийнхоос, Цэвээнээс илүү байтал түүнээс ч бага тэтгэвэр тогтоочихлоо. Танил талгүй хүний тэтгэвэр бага тогтоогддог гэдэг үнэн бололтой” гэх яриа олонтаа гардаг ч тэгсхийгээд л намждаг.

Гэвч зарим нэг баримт түшвэл яах аргагүй л жилийг нь дарсан, эсвэл бууруулж бодсон зэрэг тохиолдол бий.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн иргэн Л.Г-ы ажилласан жил 36 байтал тэтгэврийг нь 34 жилээр бодож тогтоосон байх жишээтэй. Тэтгэвэр хариуцсан байцаагчаасаа ямар үндэслэлээр хоёр жил хасав гээд асуухаар тоймтой зүйл хэлдэггүй , харин ч тэтгэврийг нь тогтоогоод мөнгийг нь олгож байгаа нь их юм биш үү ухааны хариулт өгсөн байдаг.

Иргэн Л.Г-ы хувьд тасралтгүй улсад 36 жил ажилласан, энэ хугацаанд хоёр хүүхэд төрүүлсэн ч гурав, таван сар хүргээд л ажилдаа орсон. Зөвхөн нэг байгууллагад тасралтгүй хөдөлмөрлөсөн тул ажилласан жилийг нь бодож гаргахад эргэлзээ дагуулах зүйл бага. Гэтэл ажилласан жилээс нь хоёр жил дарагдаж, тэтгэвэр нь тогтоогдсоноор сар тутамд 15000 орчим төгрөг авч чадахгүй хохирч буй. Сараар тооцоход гурван кг мах худалдан авах мөнгө харагдавч жилээр бодоход 175 мянга орчим төгрөг авч чадахгүй болж байгаа юм. Түүнтэй адил ажилласан жилээ дарагдуулж, хохирч яваа хэчнээн ахмад настан бийг одоогоор хэлэх боломжгүй ч тэтгэврээ дахин тогтоолгосноор нэг хэсэг нь эргэлзээгээ тайлж, мөн нэг хэсэг нь тэтгэврээ үнэн зөвөөр тогтоолгож, авах боломжтой болно.

Энэ аян бас ахмад настнуудад Засгийн газраас тэтгэврийг нь нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай дүйцэхүйц арга хэмжээ болж буух нь дамжиггүй.

Нөгөө талдаа тэтгэврийн сан руу гар дүрдэг урт гартнуудын үйлдлийг тас цавчих аян болж хэрэгжих учиртай.

Г.ХОРОЛ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж