Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорнод аймгийн төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутагт гарч буй нийтлэг зөрчил, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулж, албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах талаар мэдээлэл өгч, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж ажиллажээ. Энэ үеэр албан тушаалтнуудын сонирхсон асуултад хариулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцож ярилцав.
Ажлын хэсэг Дорнод аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж санал солилцов. Уулзалтын үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд олон нийт иргэдийн хяналт, оролцоог сайжруулах зорилгоор Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, ажиллуулах талаар тус зөвлөлийн дарга, гишүүдэд танилцуулсан байна.
Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулан ажиллуулах санаачилгыг зөвлөлийн гишүүдээс дэмжиж байгаагаа илэрхийлж, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх ажилд оролцоог нь нэн чухал болохыг онцолж байв. Харин цаашид хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангах чухал бөгөөд төсөв санхүүгийн хувьд улсын хэмжээнд анхаарч ажиллах, мөн энэхүү дэд зөвлөлд ажиллах гишүүдийг ажлын дадлага туршлагатай, өндөр ёс зүйтэй хүмүүсээс сонгон шалгаруулах нь чухал гэж саналаа хэлж байлаа.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорнод аймгийн бизнес эрхлэгчид болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулж, хууль тогтоомжийн болон холбогдох судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийж, авлигатай тэмцэх ажилд хувийн хэвшил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Хэлэлцүүлэгт оролцогчид “төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүнд суртал, чирэгдлийг бууруулах, мөрдөж буй дүрэм журмыг тодорхой болгох шаардлагатай, энэ асуудлыг шат шатандаа анхаарах хэрэгтэй байгаагаас гадна төрийн байгууллагын ил тод байдал хангалтгүй байна, нэн ялангуяа шийдвэр гаргахаас өмнөх ил тод байдлыг сайжруулах, нийтийн албаны томилгоог ил тод, шударга болгоход анхаарах хэрэгтэй” талаар саналаа хэлж байв.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг орон нутагт өргөн бүрэлдэхүүнтэй ирж ажиллан, иргэд бизнес эрхлэгчтэй уулзан санал бодлыг нь сонсч байгаад талархаж буйгаа илэрхийлж байлаа. Мөн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн хяналт оролцоог сайжруулах зорилгоор орон нутагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулахаар зорин ажиллаж байгааг зөв зүйтэй санал санаачилга хэмээн талархан дэмжиж байна.
“Авлигатай тэмцэх газрын ажилтнууд хоёр жилийн өмнө ирж иргэдтэй уулзаж байсан, орон нутагт салбар, нэгжгүй учраас хүмүүс гомдол, саналаа тэр бүр уламжлах боломж хязгаарлагдмал байдаг, харин энэхүү дэд зөвлөл байгуулагдсанаар энэ орон зай тодорхой хэмжээнд нөхөгдөж, орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд олон нийтийн хяналт сайжирна” гэж үзэж байгаагаа оролцогчдын зүгээс илэрхийлж байлаа. Гэвч дэд зөвлөл нь 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар тусгагдсан нь хүн амын нягтаршлаас хамааран тоог нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг цаашид судалж үзэхийг хүсэв.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байгаа талаар Дорнод аймгийн “Дорнод”, “Шинэ суваг”, “Мижи”, ТВ6 зэрэг телевизэд ярилцлага өгч олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулан сурталчиллаа.
Эх сурвалж: АТГ