”Төрж” өгдөггүй төрөх эмнэлгийн мөрөөр

Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

”Төрж” өгдөггүй төрөх эмнэлгийн мөрөөр

Монголчууд 2.7 саяулаа байхад барьж эхэлсэн төрөх эмнэлэг гурван саяулаа болсон ч карказ хэвээрээ байна. News.mn сайт энэ удаа Яармаг дахь "төрж" өгдөггүй төрөх эмнэлгийн барилгын мөрөөр сурвалжиллаа. Төрөх эмнэлэг 300 ортой, Хан Уул дүүргийн 10 дугаар хороонд 2.4 га газарт баригдаж буй.


БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ: ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ УДААВАЛ ЧАНАР МУУДНА

"Буянт-Ухаа-2" хорооллын дэргэд төрөх эмнэлгийн гүйцэд дуусаагүй барилга дүнхийнэ. Өнгөрсөн жилийн байдлаасаа өөрчлөгдсөн зүйл нэгээхэн ч үгүй. Албаныхны өгч буй мэдээллээр барилгын гүйцэтгэл 60 хувьд хүрээд зогсчээ. Уг нь санхүүжилт шийдэгдээд ажлаа эхлүүлбэл нэг жил ч хүрэхгүй хугацаа шаардлагатай гэдгийг албаны хүн хэлэв. Үндсэндээ 40 хувийн л ажил үлдсэн тул санхүүжилтээ яаралтай шийдвэл өвлөөс өмнө гаднах ажлаа дуусгах, хүйтний улиралд дотор заслыг хийж амжуулах боломжтойг Барилгын хөгжлийн төвийн Барилга захиалагчийн албаны дарга Б.Гантулга хэлэв.

Тэрбээр “Төрөх эмнэлгийн байр бол онцгой объект. Гэтэл бүхэл бүтэн гурван жилийн турш баригдаагүй. Ингэж удах тусам чанар нь муудна. Төмөр бетон хийц хэдий цутгагдсан ч заслын ажил хийгдээгүй тул бетоны жижиг нүх сүвээр ус, чийг нэвтэрнэ. Улмаар арматур зэвэрч эхэлнэ. Энэ тохиолдолд чанаргүй барилга болох аюултай” гэв. Энэ үүднээс ч тэр, төрөх эмнэлэг дутагдалтай байгааг ч тэр аль аль үүднээс санхүүжилтийг түргэн шийдвэрлэх хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд удаа дараа тавьсаар иржээ. Ингээд санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулахаар салбарын яамыг зорив.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ: КОНЦЕССТ ҮНЭЛГЭЭ ХИЙХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Барилгын ажил хэвийн үргэлжилж, 60 хувьдаа хүрсэн ч 2013 оноос бүрэн “царцаасан” байна. Он дамнан зогссон ажлыг 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үед “Шийдлийн цаг” уулзалтаар хэлэлцэн, концессын шугамаар барихаар болжээ. Тухайн үед таван жил дуншсан ч эмнэлгийн дуусаагүй барилгыг шинэ шийдэл, шинэ загвартайгаар үргэлжлүүлнэ хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдэж байв.

Тэгвэл нэг жилийн дараа байдал хэвэндээ. Энэ хугацаанд засаг солигдож, нөгөө концессыг хариуцах нэгж ч байхгүй болжээ. Сураг ажиг тавьсаар Концесс хариуцаж байсан Хөрөнгө оруулалтын газар татан буугдаж, оронд нь Үндэсний хөгжлийн газар энэ асуудлыг хариуцдаг болсныг тодруулав. Эх сурвалжийн хэлснээр Концессын тендер нээгдэж, улмаар Үндэсний хөгжлийн төвийн үнэлгээгээр орсны дараа санхүүжилт шийдэгдэх аж. Эрүүл мэндийн яамны Санхүүгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан “Эрүүл мэндийн яаманд концессыг үнэлэх чиг үүрэг байхгүй. Тиймээс Үндэсний хөгжлийн газар үнэлгээ хийхийг хүлээж байна. Уг нь наймдугаар сарын 10-нд концессын тендер нээгдсэн. Гэвч өнөөг хүртэл сураг ажиг алга байна. Яамны зүгээс төрөх эмнэлгийн ядаж нэг блокыг нь өвлөөс өмнө ашиглалтад оруулмаар байна гэж хүсэлт тавьсан. Асуудлыг шийднэ гэхээс өөр хариу байхгүй байна” гэлээ. Харин энэ хугацаанд төрөх эмнэлгийн төсөв 18 тэрбумаас 21 тэрбум болж нэмэгджээ.

ҮНДЭСНИЙ ХӨГЛИЙН ГАЗАР: ТӨРӨХИЙН БАРИЛГЫГ ДУУСГАХАД 15 ТЭРБУМ ХЭРЭГТЭЙ

Мэдээллийг нэмж тодруулахаар Үндэсний хөгжлийн төвтэй холбогдов. Тус газрын дарга Б.Баярсайханы хэлж буйгаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шийдвэрийг хүлээж байгаа бөгөөд наймдугаар сарын 1-нд тендэр нээгдээгүй, Засгийн газраас чиглэл өгөх ёстой аж.

Б.Баярсайхан “Эмнэлгийн барилгыг дуусгахад 15 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ гэдэгт дүгнэлт гаргаж байж, ажлыг яаралтай үргэлжлүүлнэ. Миний хувьд наймдугаар сарын 10-нд энэ ажилд томилогдсон. Тиймээс наймдугаар сарын 1-нд тендер нээгдээгүй. Энэ хугацаанд бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, стратегиа баталж, одоо л ажил жигдэрч байна. Нэн тэргүүнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүлээгдсэн асуудлыг яаралтай шийдвэрлэхээр Засгийн газрын хуралдаанд оруулна. Эрүүл мэндийн яамнаас ч хүсэлт удаа дараа ирсээр байгаа” гэж мэдээллээ.


Ямартай ч аравдугаар сарын сүүлч гэхэд улирлын чанартайгаар улс орон даяар барилгын ажлыг зогсоож байна. Төрийн байгууллагынхан үүнээс урьтаж бичиг цаас цэгцэлж, тендерээ зохион байгуулж дуусахгүй бол төрөх эмнэлгийн барилга энэ жил ч мөн төрөхгүй бололтой.

Б.ЗОЛЗАЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж