Эрчүүдийн эрүүл мэнд аюулын харанга дэлдэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн эрүүл мэнд аюулын харанга дэлдэж эхэлжээ

Монгол эрс архи, тамхины хэрэглээгээ багасгаж, хоол хүнсэндээ жимс, ногоо түлхүү хэрэглэн өдөрт дор хаяж 30 минут дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай болжээ. Хэрэв энэ жимээрээ эрэгтэйчүүд өөртөө анхаарлаа хандуулахгүй, өвдсөнөө ч тоохгүй, идэж, уухаа хязгаарлахгүй таргалалтаа хянахгүй, хэнэггүй яваад байвал Монгол Улсын жендерийн харилцаа алдагдан үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөх юм. Сүүлийн жилүүдэд үргүйдэл дэлхийн нийтийг хямраах болжээ. Энэ зовлон Монгол Улсыг ч тойроогүй. Монголчуудад үргүйдэл их байгаагийн 40 хувийг эрчүүд эзэлж байна гэж оношлогджээ. Шалтгаан нь даавар, удамшил, БЗХӨ, хавдарт өвчлөлүүд нэрлэгдсэн юм. Цаашид удам зүйн шинжлэх ухаан буюу цус ойртолтын эсрэг шинжлэх ухааныг хөгжүүлэхгүй бол генетикийн гамшгаас үүдэлтэй үргүйдэл, удамшлын гажиг нэмэгдсээр байна. Баримт дурдвал, сүүлийн нэг жилд удамшлын гажгаас болж 100 гаруй хүүхэд синдромтой, 10 хүүхэд тусгай төрлийн гажигтай төржээ.

“Биеийн байдал нь доройтсон үедээ л эрэгтэй хүн эмнэлэгт хандана уу гэхээс эрүүл мэндийн хяналтаа өөрөөр тавьж чаддаггүй. Даралт ихтэй, хавдрын эх үүсвэртэй, булчирхайн хавдартай, сэтгэцэд өөрчлөлт орсон гээд эрүүл мэндийн олон өөрчлөлтүүд өөрт нь илрээд байхад эмнэлэг рүү хандаж сураагүй байна” гэж эмч нар эрчүүдийг шүүмжлэлээ. Хөдөлгөөнөө нэмдэггүй, хоолоо хянадаггүй эрчүүдийн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, таргалалттай өвдөх нь амархан болжээ. Мөн архийг хэтрүүлэн хэрэглэж, согтуугаар жолоо барих, явган хөдөлгөөнд оролцох болоод хөдөлмөр нийгэм хамгааллын аюулгүй байдлаа мөрдөхгүй хамгаалалтын хувцас, малгайгаа тайлж орхих нь эрэгтэйчүүдийн өвдөх, осолд өртөх цаашлаад нас барах гол шалтгаан болсоор байна. 

Сүүлийн арван жилд монгол эр хүн, эмэгтэйгээсээ 10-15 жилээр бага насалж, үлдсэн эрсийн дунд үргүйдэл их байна. Яагаад эрэгтэйчүүд үргүй болж эхлэв энд голлон юу нөлөөлөв гэдэгт салбарын яам нь анхаарлаа хандуулж, нарийн судлах шаардлага тулгарчээ. 2015 оны эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын өвчин, хоол боловсруулах тогтолцооны өвчин, бэлгийн тогтолцооны өвчин, зүрх судасны өвчин, гэмтэл, хордлого буюу гадны шалтгаант эмгэг оржээ. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75 байгаа бол эрэгтэйчүүдийн хувьд 66 байна. Зөрүү нь бараг 10 нас болсон нь дэлхийн дундаж түвшнээс 2.5 дахин зөрүүтэй болсон юм.

Зураглаач Н.БАТМӨНХ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж