Мэргэжлийн Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар болсон бөгөөд одоогоор 11 сайд нь УИХ-аас “мандат”-аа аваад ажилдаа ороод байгаа билээ. Харин үлдсэн дөрвөн сайдын нэрсийг өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл тодруулж, бүлэг нь дэмжсэнээр УИХ-аас сайд болох "мандат"-аа авсан.
Ийнхүү Ж.Эрдэнэбатын танхимд ажиллах сайдуудыг УИХ-аас бүрэн томилсноор Мэргэжлийн засгийн газар ажилдаа орлоо. Сайд нарын томилгоо дууссан тул дараагийн эрх мэдлийн хуваарилалтдаа МАН шилжлээ. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар эгнээнийхэн нь хоолондоо орохоор хүлээж байна. Тиймээс дэд сайд нарын марафон МАН дотор аль хэдийнэ эхэлжээ.
Төрийн ордон болон Тусгаар тогтнолын ордоноос нисч байгаа мэдээллээр сайдаас мултарсан зарим хүмүүс дэд сайдад горилж байгаа бололтой. Мэргэжлийн Засгийн газар байгуулахаа амалсан МАН-ын эрх мэдлийн хуваарилалт энэ зун, намаржингаа л үргэлжлэх бололтой байна.
Хэвлэлээр санаатай болон санамсаргүйгээр цацагдаж байгаа мэдээллээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргад Ш.Солонгын нэр дуулдаж байгаа бол Сангийн дэд сайдад З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга асан/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад Б.Мөнгөнчимэг, Батлан хамгаалахын дэд сайд – н.Эрдэнэбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдад Ж.Саулэ, Гадаад харилцааны дэд сайдад Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Н.Удаанжаргал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Д.Зоригт, Зам тээврийн дэд сайдад Б.Цогтгэрэл, БСШУС-ын дэд сайдад Я.Төмөрбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайдад Б.Амарсанаа, Эрчим хүчний дэд сайдад А.Тлейхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад С.Оюунбилэг, Эрүүл мэндийн дэд сайдахд Д.Очирбат нар горилж байгаа бололтой.
Учир нь зарим нь өөрсдөө Удирдах зөвлөлдөө дэд сайд болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэх. Гэвч, МАН-ын удирдлагууд ямар хариу өгөхөөс хамаараад тэд дэд сайд болох эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг.
Гэхдээ дэд сайдуудын томилгоог намрын чуулганаар хийх болов уу гэсэн яриа байна. Ямар ч байсан дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын дарга болох гэсэн горилогчид МАН-ын даргын үүдэнд дугаарлаж эхэлсэн сураг ч дуулдаж байна.
Хоёрхон жилийн өмнө давхар дээлийг жадлан эсэргүүцэж, дэд сайдыг хамгийн хэрэггүй алба, цомхотгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, талбай дээр хүртэл улс төрийн акц хийж байсан МАН-ынхан эргээд ийнхүү давхар дээл нөмөрч, дэд сайд болох гэж улайрч байгааг харахад улстөрчдөд ичих булчирхай байдгүйгээс гадна тэдний ой санамж дэндүү богино ажээ.
Б.БАТ