ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров өнгөрсөн долоо хоногт Монголд айлчилсан. Тэрээр онгоцноос жийнсэн өмдтэй бууж ирсэн юм. Түүний энэ үйлдэл сошиал ертөнцийнхний дунд нэлээд хэдэн өдрийн сэдэв болсон гэж болно. Товчхондоо бол жийнстэй Лавровыг дээлтэй угтаж монгол ёсоор хөөрөг зөрүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйлдлийг магтах нэгэн ч байлаа.
Харин жийнсэн өмдний талаар ОХУ-ын Гадаад Хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова тайлбар хийжээ. Тэрээр “Айлчлалын бүрэлдэхүүн онгоцонд хоносон учраас чөлөөт хувцас өмссөн. Ийм тохиолдолд албан хувцастай шөнийг өнгөрөөнө гэдэг утгагүй зүйл. Нөхцөл байдал бүрт ингэж хувцаслах ёстой гэж заасан дүрэм Дипломат ёсонд байхгүй” гэжээ.
Т.НОМИН