Тос ханхалсан үйлдвэрт ороход галын аюултай гэсэн бичиг харагдсангүйд эхэндээ гайхаж байв. Ажилтнуудаас нь лавлавал ургамалын гаралтай түлш учир шатамхай чанар нь бага байдаг гэлээ. Дээр хэлснээр үйлдвэр тийм том биш тул тоног төхөөрөмжүүд нь багтаж ядсан байдалтай байв. Тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь үйлдвэрийнхэн өөрсдөө бүтээж, угсарчээ. Үйлдвэрийнхэн гэдэг нь захирал, жолооч, шинжээчдээс бүрдсэн таван хүн юм л даа.
Биодизель түлшний давуу тал нь шатахууны зарцуулалтыг 3-5 хувиар хэмнэж, тээврийн хэрэгслийн хорт утааны ялгаралтыг 40-50 хувиар бууруулна гэх үнэ цэнэтэй өгүүлбэрт буй. Авто тээврийн газраас гаргасан судалгаагаар 2005 онд 74 мянга байсан тээврийн хэрэгслийн тоо өнгөрсөн онд 145 мянга давжээ. Хөл дүүжлэх унаатай болохыг хүсэгчид хаа сайгүй байгаа энэ үед агаарт ялгарах утаа, гадаад зах зээлээс авчирдаг түлшний хомсдол биднийг яах аргагүй дотоодоосоо хэрэгцээгээ хангахыг шаардаж байна.
Тус компанийн захирал Агаарын чанарын алба тэргүүтэй байгууллагуудтай үзэглэсэн гэрээндээ “NBF” компанийн ерөнхий захирал, хүний их эмч Б.Энхболд хэмээн бичжээ. Тэрбээр хүний эмчээр Америкд 15 жил ажиллаад гэр бүлээ тэндээ үлдээн эх орондоо ирсэн байна. Удахгүй гэр бүлийнхэн нь Монголдоо ирэх аж. Түүний ярьж буйгаар Америкийн энгийн фермер гэр бүл гарааждаа ийм түлшийг хийчихдэг байна.
Үйлдвэртээ нийт 180 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд багагүй хэмжээний мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаас сарын 3.5 хувийн хүүтэйгээр авчээ. Түүнийг хэлж буйгаар эднийх Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдахаар нэлээд гүйсэн ч бүтээгүй аж. Тиймээс л ийм өндөр хүүтэй зээл авч байгаа юм байна.
Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд өдөрт 1-2 тонн биодизель түлш үйлдвэрлэж дөнгөдөг гэнэ. Нэг тонн түлшийг 1200 төгрөгөөр зах зээлд нийлүүлэх боломжтой бөгөөд одоогоор “Цахилгаан тээвэр” компанийн хэд хэдэн автобусанд туршилт хийж байна. Хаягдал боловсруулж, байгаль экологит ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй гэдгээрээ энэ технологи давуу юм. Түүхий эд нь ресторануудын хэрэглэж дууссан ургамалын тос, спирт үйлдвэрлэх явцад ялгадаг хаягдал байдаг аж. Түүхий эдээ ашиглаж дууссаны дараа дизель түлшнээс гадна глицерин хэмээх зүйлийг гарган авдаг байна. Үүнийг нь зүгээр хаях бус шингэн түлш үйлдвэрлэж гэр хороололд нийлүүлэх боломжтой аж. Уг түлш мэдээж утаа, тортогүй. Энэ түлшиндээ зориулж тусгай зуух бүтээсэн бөгөөд тэр нь гэр халаахад хоногт 2-3 литр, 80-700 метр квадрат талбай халаахад 5-8 литр түлш зарцуулна. Гол нь түлшнийх нь үнэ нэг литр нь ердөө л 500 төгрөг байх боломжтой аж.
Манай улсын гаднаас экспортолж байгаа нефтийн бүтээгдэхүүний 70 хувийг дизель түлш эзэлж байна. Дээр нь уул уурхайн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед түлшний хэрэглээ нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Тиймээс энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаа дэмжвэл буруудахгүй л байх. Компаний захирлын хэлснээр эднийх үйлдвэрлэлээ өргөтгөхөд ойролцоогоор хоёр тэрбум төгрөг хэрэгтэй болоод байгаа аж. Мөн ундааны савны бөглөөг дизель түлш болгох япон технологийг ч үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх санаатай байгаа гэнэ. Хэрэв энэ мэтээр үйлдвэрлэлээ өргөтгөж чадвал өдөрт нэг тонн бус 10-15 тонн түлш чөлөөтэй үйлдвэрлэх аж.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин