Фото: Michelle McLoughlin / Reuters
Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчдийн сонгуульд нэр дэвшигчдийг шууд мэтгэлцээнд оролцохыг АНУ-ын спортын суваг ESPN урьж байна гэж Sportingintelligence мэдээлжээ.
“Спортын удирдлагын ирээдүйн тухай нээлттэй мэтгэлцэн, даяарчлагдсан хөлбөмбөгт хэн нь илүү хүчтэй байр суурьтай байгааг тодруулах нь манай гол зорилго” гэж телевиз мэдээлсэн байв.
FIFA-гийн тэргүүнд нэрээ дэвшүүлсэн Жером Шампань мэтгэлцээнд оролцохоо мэдэгдэв. Мөн тэрбээр ирээдүйн сонгуулийн талаар тайлбар хийжээ. “Харамсалтай нь сонгууль дахиад л таван одтой буудлын хаалганы цаана хийгдэх наймаа болно гэж надад бодогдоод байна. Би сонгуулийн кампанийг эхлэхдээ энэ тухай ярьсан” хэмээн тэр хэлжээ.
Иорданы жонон Али бин аль-Хусейн урилга авсан ч тэрээр хариугаа өгөөгүй байна. Бусад нэр дэвшигч энэ арга хэмжээнд хэрхэн хандсан нь тодорхойгүй.
Ирэх хоёрдугаар сарын 26-нд явагдах FIFA-гийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байна. Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино, FIFA-гийн дэд ерөнхийлөгч Иорданы жонон Али бин аль-Хусейн, Нельсон Манделагийн хамтран зүтгэгч бөгөөд Өмнөд Африкийн Орон сууцны сайд байсан Токио Сексвале, FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жером Шампань, Азийн хөлбөмбөгийн холбоодын нэгдлийн ерөнхийлөгч шейх Салман бин Ибрагим аль-Халиф нар нэрээ дэвшүүлээд байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР