Б.Батзаяа: Монголын хөлбөмбөгийг хөл дээр нь босгохын тулд олон нийтийн анхаарлын төвд оруулах зайлшгүй шаардлагатай
МХБХ-ны ээлжит IV их хурал хоёрдугаар сарын 27-нд болж, энэхүү байгууллагыг ирэх дөрвөн жилд удирдах удирдлагыг сонгосон билээ. “Хүчит Чулуут” ХХК-ийн захирал, өсвөрийн хөлбөмбөгийн “Хүчит Чулуут-ДМЮ” клүбийн ерөнхийлөгч Бат-Эрдэнийн Батзаяа Гүйцэтгэх хорооны гишүүний сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн хамгийн залуу нь байсан ч хамгийн олон санал авж сонгогдсон юм. Түүнтэй Монголын хөлбөмбөгийн тухай ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдсонд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Та нэр дэвших шийдвэрээ хэзээ гаргасан бэ?
-МХБХ-ны ээлжит бус их хурал болж, сонгууль дахин зарлагдахад манай клүбийн зүгээс намайг нэр дэвшүүлсэн. Миний хувьд энэ спортыг эх орондоо хөгжүүлэхийн тулд өөрийн боломжоор туслахыг хүсдэг, зарим зүйлийг хийж хэрэгжүүлэх юмсан гэж бодож явдаг тул татгалзаж чадаагүй.
-Та энэ дөрвөн жилд юунд гол анхаарлаа хандуулан ажиллах вэ?
-Гүйцэтгэх хорооны гишүүний эрх, үүрэг хэмжээ хязгаартай. Би МХБХ-ны ерөнхийлөгч биш болохоор “Би тийм зүйл хийнэ” гэж учиргүй амалж болохгүй байх. Гэхдээ өөрийн бодож явдаг, хийхийг хүсдэг зүйлээ Гүйцэтгэх хорооны хурал дээр танилцуулах болно. Монголын хөлбөмбөгийн олон нийтийн анхаарлын төвд оруулах нэн тэргүүний шаардлага бий болоод удаж байна.
-“Олон нийтийн анхаарлын төвд оруулна” гэж хэлснээ дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?
-Би гадны цөөнгүй орноор явж үзсэн. Иргэд нь олон нийтийн газар, гудамж талбайд нэр алдартай тамирчинтай тааралдахаараа жигтэйхэн баярлаж байхыг харсан. Алдартай хөлбөмбөгчинтэй тааралдвал бөөн баяр болдог. Харин Монголын хөлбөмбөг олон нийтийн анхаарлын төвд орж, брэнд болж чадаагүй болохоор манайд байдал тийм биш байна. Олон нийт Монголын мэргэжлийн анхны хөлбөмбөгч А.Мөрөнг сайн мэднэ. Д.Лүмбэнгарав, Б.Гарьдмагнай гэдэг нэрсийг сонсч байсан ч гудамжинд тааралдаад таних нь цөөн. Тэд зөвхөн Монголын хөлбөмбөгийн хүрээндээ танил биш, бүр олны танил болж, од байх ёстой биз дээ.
-Монголын хөлбөмбөг олон нийтийн анхаарлын төв орсноор юу юу өөрчлөгдөх вэ?
-Маш их зүйл өөрчлөгдөнө. Хамгийн эхлээд үзэгчдийн хүрээ бий болно. Үзэгчгүй спорт хэзээ ч хөгжихгүй. Харин Монголын хөлбөмбөг үзэгчгүй болоод уджээ. Талбай дээр тоглож буй хоёр багийн тоглогчдын заримынх аав ээж, найз нөхөд, өмнө нь тоглосон юм уу дараа нь тоглох цөөн хэдэн хүн л тоглолт үзэж харагддаг нь түгээмэл төрх. Тиймээс эрс тэсрэлт хийж, Монголын хөлбөмбөгийн олон нийтийн анхааралд өртүүлж, үзэгчдийн хүрээг бий болгох зайлшгүй шаардлагатай байна.
-Өөр ямар сайн дүн гарч ирэх вэ?
-Ивээн тэтгэгчдийн татаж, дотоосоо мөнгө босгох боломж бүрдэнэ. Хэний ч сонирхдоггүй зүйлд мөнгө зарцуулахыг хэн хүсэх билээ. Харин олон нийтийн анхаарлыг татсан зүйлд мөнгө төлж, реклам сурталчилгаа хийлгэхийг хүсэх нь мэдээж. Миний анзаарснаар МХБХ сүүлчийн жилүүдэд “АПУ Трейдинг” ХХК, “MCS Coca-Cola” гэсэн хоёр байгууллагатай тогтмол хамтарч ажилласан. Ийм байгууллагын тоог нэмэх хэрэгтэй. Жоау Авеланжийг 1974 онд ОУХБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдоход тус байгууллагыг өнөөгийн өндөрлөгт хүргэж гэдэгт олон хүн итгээгүй байх. Гэтэл ОУХБХ өнөөдөр дэлхийн спортын хамгийн хүчирхэг байгууллага болж чаджээ. Тэд ивээн тэтгэгчдийн соронзон мэт татаж байна. ОУХБХ “Кока кола”-тай хамтарч ажилладаг тул “Пепси” болон бусад нь хүлээлгэнд байж байна. “Адидас”-тай байгуулсан гэрээ нь дуусахыг, үүнийгээ дахиж сунгахгүй байхыг “Найк” хүсэн хүлээж байна. МХБХ-нд дотооддоо ОУХБХ-ны жишгээр ажиллах бүрэн боломж бий. Бид компаниудыг царайчлах биш, тэд бидэнтэй хамтарч ажилахын тулд өрсөлддөг цаг удахгүй ирнэ гэдэгт итгэдэг. Хэрвээ бүх зүйл сайхан болоод ирвэл ОУХБХ-ноос гишүүн холбоодоо дэмждэг шиг гишүүн клүб, аймгийн холбоодод тусламжийн гараа сунгаж болно. Ингэж байж л хөлбөмбөг гэж гайхамшигт спорт Монголын хөрсөн дээр жинхэнэ утгаараа хөгжинө. Монголын хөлбөмбөгийг хөл дээр нь нэн даруй босгохын тулд их хэмжээний мөнгө хэрэгтэй. Бид зөвхөн ОУХБХ, АХБХ-ны тусламжийн мөнгийг хараад сууж таарахгүй. Тиймээс дотоодоосоо мөнгө босгох ажлыг нэн даруй эхлүүлэх нь зүйтэй болов уу.
-Үүний тулд яах ёстой вэ?
-Маркетинг, менежментийн маш сайн баг бүрдүүлж ажиллуулах хэрэгтэй. Бас эхний ээлжинд нэлээн хэмжээний мөнгө зарлагадаж таарна. Гэхдээ өнөөдрийн зардал маргаашийн орлогын том эх үүсвэр болохыг мартаж болохгүй. МХБХ өнгөрсөн жилүүдэд жаахан хаалттай байсан юм болов уу даа. Сүүлийн үед вебсайт, фэйсбүүк хуудсаа сайн ажиллуулж, тэмцээн уралдаан, үйл ажиллагааныхаа мэдээ мэдээллийг түгээх болсон сайшаалтай. Гэхдээ үүгээр хязгаарлагдахгүйгээр хэвлэл мэдээллийн байгууллага, спортын сэтгүүлчидтэй нягт хамтран ажиллаж, үйл ажиллагаа сурталчилж, клүбүүдээ таниулж, тоглогч, дасгалжуулагчдаа олны танил болгох зайлшгүй шаардлага бий.
-Таны хүсч байгаа зүйлийг Монголд ажил хэрэг болгосон байгууллага байна уу. Бодит жишээ дурдахгүй юу?
-С.Эрдэнэ ерөнхийлөгчтэй Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог хэлнэ. Энгийн спорт сонирхогчийн нүдээр харахад л мэдрэгддэг. Тус холбоо дэргэдээ стүдитэй болж, мэргэжлийн баг ажиллуулж, бүхий л тэмцээн уралдааныхаа дүрсийг бичиж авч, богино хугацаанд эвлүүлж бэлтгэснийхээ дараа хэвлэл мэдээллийнхэнд тараадаг. Мэдээллүүдээ телевиз болон сонин, сайтынхны аль алинд зориулж бэлтгэж байгааг. Спортын мэдээллийн хөтөлбөрийн дундуур “Үндэсний сүпер лиг”-ийн тоглолтын тойм, шилдэг 10 шидэлт, тохолт, блок шот зэрэг гарах болсныг та бүхэн анзаарсан байх. Үүнийг МҮСБХ-ны дэргэдэх мэргэжлийн баг бэлтгэж байгаа. Эдгээр тойм, дүрснийхээ дундуур ивээн тэтгэгчдийнхээ нэр, логог оруулахаа бас мартахгүй. Мэргэжлийн стүди байгуулж, олон хүн ажиллуулахад багагүй зардал гардаг нь тодорхой. Гэхдээ үүнээс хэд дахин их зүйлийг эргүүлж олж чадаж байна. Яваандаа контентоо олон улсын жишгийн дагуу зарж болно.
-Харин хөлбөмбөгт амжилт олох боломж хэр байна вэ?
-“Хөлбөмбөг сагсан бөмбөгөөс ч илүү боломжтой” гэдгийг МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга хүртэл хэлдэг. Намайг бага байхад Монголын хөлбөмбөгийн лиг сагсан бөмбөгийн лигээсээ олон багтай байсан. Харин одоо энэ хоёр спортын хөгжил нэлээн зөрүүтэй болжээ. Өдгөө сагсан бөмбөгч Т.Санчир, Б.Билгүүн нарыг мэдэхгүй хүүхэд ховор болжээ. Т.Санчирын фэйсбүүкийн пэйж 30 гаруй мянган лайктай байна. Монголын хөлбөмбөгчид эхний ээлжинд олон улсын хэмжээнд гарч ирж чадахгүй байж болно. Гэхдээ Монголдоо амжилттай тоглосон нь олонд танигдаж, амьдрал нь баталгаатай болж, энэ замыг сонгосондоо харамсахгүй байхыг би хүсч байна. Ингэж чадсаны дараа, байшингаар ярих юм бол сууриа сайн цутгасны дараа олон улсын хэмжээнд гарах, хана, дээврээ барихад хялбар болно.
-Монголын хөлбөмбөг хэдэн жилийн өмнөхөө бодоход үзэгчтэй болоод байгаа юм биш үү. 2011 онд Филиппинийн шигшээ баг ирэхэд дүүрэн МХБХ-ны талбай дүүрэн үзэгчтэй байсан …
-Тийм ээ. Гэхдээ шигшээ баг тоглох үед л ийм олон үзэгч ирдэг. Бас түрүү жил “Эрчим”-ийг АХБХ-ны “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг нутагтаа хүлээн авахад, тэднийг “Нийслэл лиг”-ийн аваргын төлөө “Хоромхон”-той тоглоход нэлээн олон үзэгч цугларсан юм байна. Олон хүний дунд суугаад хөлбөмбөг үзэхэд сайхан санагдаж, дандаа ийм байгаасаа гэж бодогдож билээ. Надад тэгж санагдаж байхад талбай дээр байсан тоглогчдод бүр гоё мэдрэмж төрсөн болов уу. Хүүхэд залуучууд хөлбөмбөгийн сонирхож, хичээллэхийн хэрээр Монголын хөлбөмбөгийн хүрээ нэмэгдэж байгаа ч бас л чамлалттай. Би нэг хүнтэй таараад “Та хөлбөмбөгийн аль багийг дэмждэг вэ” гэж асуухад “Барселона”, “Манчестер Юнайтед”, “Ливерпүүл” гэсэн гадаад нэрс хэлэх байх. Хүмүүс дэлхийн топ лигүүдийг үздэг, хөгжөөн дэмждэг багтай. Гэхдээ үүний хажуугаар Монголдоо дэмждэг нэг багтай байдаг бол сайхан байхгүй юу. “Эрчим”, “Хангарьд”, “Хоромхон” зэрэг Монголын агуу багууд байна шүү дээ.
-Монголд шагнал урамшуулал хэр байна вэ?
-Чамлалттай санагддаг. МХБХ-ны дээд лигт түрүүлсэн баг саяхныг хүртэл гурван сая төгрөгийн шагнал авдаг байсан юм билээ. Гэтэл лигийн аварга болохын тулд 10-20 сая төгрөг зарлагадсан байдаг. Тэгэхээр энэ хүмүүс дуртайдаа л ингэж явсан болж байгаа биз. Гурван сая төгрөг нэг хүнд хангалттай санагдаж болно. Гэхдээ хөлбөмбөг чинь багийн спорт шүү дээ. Тэр мөнгө багт юм болох уу. Би МХБХ-г шүүмжилж байгаа юм биш шүү. Манай “Хүчит Чулуут-ДМЮ” клүбийн 13 хүртэлх насны баг энэ жил футзалын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Шагналын 200 мянган төгрөгөөс татвар хасаад 190 мянгыг нь өгсөн. Хэдэн хүүхэддээ хуваагаад өгөхөд нэгэнд нь 10 гаруй мянган төгрөг очсон. Бүхэл бүтэн жилийн хөдөлмөрлөж байж, босго өндөртэй УАШТ-ээс медаль хүртсэн ч шагналын мөнгө нь багаараа хоолонд ороод, кино үзэхэд нь ч хүрэлцэхгүй. Хөдөө, орон нутгийнхны хувьд замын зардлын хаана нь ч хүрдэггүй байх. Дотоодоо мөнгө босгож, тэмцээн уралдааны шагналын сангаа нэмэх нь зайлшгүй хийх зүйл. Харин энэ жилээс лигээс шагналын сан нэмэгдэх сурагтай.
-МХБХ-нд юу дутагдаж байгаа вэ?
-ОУХБХ, АХБХ-ноос их хэмжээний тусламж, дэмжлэг орж ирдгийг бүгд мэдэж байгаа. МХБХ-ны их хурлын үеэр санхүүгийн тайлан үзэхэд МХБХ-ны өнгөрсөн 2014 оны нийт орлого 2.166 тэрбум төгрөг байсан. Энэ жил олон улсын байгууллагуудаас 1.3 сая ам.долларын тусламж орж ирэх юм билээ. Тэгээд ч МХБХ-нд үйл ажиллагаагаа хэнээс ч царай алдахгүй явуулах байр сав, талбай, ордон гээд бүх зүйл бий. Энэ байгууллагад зөв зохион байгуулалт, менежмент л дутагдаж байсан болов уу.
-Та “Монголын хөлбөмбөгийг хөл дээрээ зогсох хэрэгтэй” гэж хэллээ. Ингэхийн тулд нэн тэргүүнд яах ёстой вэ?
-Клүбүүдээ хөл дээр нь бат зогсоох хэрэгтэй. “Монголын хөлбөмбөг өнөөдөр хэдэн клүб, орон нутгийн салбар зөвлөл дээр тогтож байна” гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. МХБХ-ны ээлжит бус их хурлын үеэр орон нутгийн салбар зөвлөлийг орон нутгийн хөлбөмбөгийн холбоо болгон байгуулахыг баталсан. Клүб, орон нутгийн холбооны цаана хөлбөмбөгт үнэн голоосоо дуртай, амьдралаа зориулсан нэгээс хоёр дасгалжуулагч байдаг. “Хоромхон”-ыг Б.Гансүх, “Хараацай”-г Н.Баттулга, “Мазаалай”-г Ц.Энхболдбаатар, “Сэлэнгэпресс”-ийг Б.Чин-Оргил, “Арвис”-ыг Л.Банзрагч, “Монголын тэмүүлэл”-ийг Ц.Ганболд, “ЮБ Юнайтед”-ыг Д.Чулуунболд, Дархан-Уул аймгийг С.Жаргалсайхангүйгээр төсөөлөхийн аргагүй. Миний дурдаагүй олон клүб, дасгалжуулагч бий. Тэд төдийгөөс өдийг хүртэл явж ирлээ. Өөр олон клүб, дасгалжуулагч бий ч эзэн, ивээн тэтгэгчтэй нь тун цөөн. Эдгээр клүб, орон нутгийн холбоо руу хандсан, дэмжсэн, хөл дээрээ босоход нь туслах үйл ажиллаагаа нэн тэргүүнд авах шаардлагатай байна. Хамгийн наад зах нь дасгалжуулагч нарыг тогтмол цалин хөлстэй болгох хэрэгтэй. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар үүнийг ажил хэрэг болгож байгаад баярлаж байна.
-Лигийн тухай ямар бодолтой явдаг вэ?
-Монголын лиг сүүлийн жилүүдэд долоон багтай явж ирлээ. Мэдээж лигээ олон багтай, чанартай болгох хэрэгтэй. МХБХ-ноос өмнө нь лигт оролцох хүсэлтэй багуудад хатуу шаардлага тавьдаг байсан юм билээ. Харин одоо уян хатан хандах хэрэгтэй болов уу. Миний харж байгаагаар өсвөрийн хөлбөмбөгт амжилттай оролцсон, дээд лигт оролцох боломжтой гурваас дөрвөн клүб байна. Манайд өсвөрийн хөлбөмбөгийн 20 орчим клүб, УАШТ-д тогтмол оролцдог зургаагаас долоон аймгийн баг бий. Энэ жилийн футзалын УАШТ-ий 17 хүртэлх насны ангилалд 31 баг оролцсон. Тиймээс лигийн багийн тоог нэмэх бүрэн боломжтой.
-Өсвөрийн энэ олон багийн тоглогчид хаашаа алга болчихоод байна вэ?
-Миний анзаарснаар хүүхдүүд дунд сургуулиа төгссөний дараа хөлбөмбөгөө орхих нь их байна. Энэ насныханд жаахан анхаарал хандуулчихмаар байгаа юм. Тоглож өссөн баг нь насанд хүрэгчдийн баггүй болохоор тэгэхээс яах вэ. Тууштай цөөн хэд нь явсаар лигийн багт орж байна. Харин бусад нь сонирхогчдын ангилалд хэсэг тоглож байгаад замхарчих юм. “Их талын дуулиан” ТББ-аас зохион байгуулж буй 20 хүртэлх насныхны “Дуулиан-2020” тэмцээн хүүхдүүдийг хөлбөмбөгт барьж үлдээхийн тулд чухал үүрэг гүйцэтгэж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Залуучуудын УАШТ хэдэн жилийн дараа, 2014 онд болсонд баяртай байдаг. Гэхдээ зөвхөн 21 биш 19 хүртэлх гэсэн ангиллыг бий болговол их хэрэг болно доо.
-Шигшээ багийн тухай ямар бодолтой байна вэ?
-Байнгын шигшээ багтай байж, дасгалжуулагч, тамирчдыг тогтмол цалинжуулах хэрэгтэй. Яг үнэндээ манай улсын шигшээ баг ДАШТ, “Challenge Cup” зэрэг тэмцээний сонгон шалгаруулах тэмцээний өмнөхөн байгуулагдаж, хэдхэн сар бэлтгэл хийсэн болоод л тоглодог. Хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа ч үр дүн тийм ч муу биш байдаг. МХБХ-ноос шигшээ багаа энэ мэтчилэн дэмжвэл ОУХБХ, АХБХ-ны чансаа дорхноо ахина.
-Шигшээ багаа яаж олон тоглуулдаг болох вэ?
-Намайг бага байхад Монгол Улсын шигшээ баг жилдээ нэг тэмцээнд оролцоод л байдаг байсан шиг санагддаг. Сүүлд бодох нь эдгээр тэмцээн нь Азийн наадам, Зүүн Азийн наадам байсан юм билээ. Сонгон шалгаруулалтгүй тэмцээн ойрхон улсад болж байхад оролцож чадахгүй байсан нь харамсалтай. АХБХ-ноос чансаа багатай шигшээ багуудынхаа дунд “Challenge Cup” гэж тэмцээн зохион байгуулдаг байсан. Гэхдээ 2019 Азийн АШТ-ээс эхлэн 16 биш 24 баг оролцох болсонтой холбоотойгоор энэ тэмцээн дахиж болохгүй болсон. Басхүү ДАШТ, Азийн АШТ-ий сонгон шалгаруулах тэмцээн хамт болох болсон гэхээр манай шигшээ баг үндсэндээ дөрвөн жил нэг л тэмцээнд оролцох болж байна. Тиймээс МХБХ-ноос шигшээ багаа дээр дурдсан наадмуудад тасралтгүй оролцуулах, шаардлагатай бүх зүйлийг нь шийдвэрлэж өгөх хэрэгтэй.
-Та сая болсон их хурлын өмнө Монголын хөлбөмбөгт хэр танигдсан байсан бэ?
-Би нэг их ил гараад байдаггүй ч намайг мэдэх нэг нь мэддэг л байсан. Намайг сайн таньдаггүй хүмүүст илүү танигдахын тулд Гүйцэтгэх хорооны гишүүний ажлаа сайн хийнэ.
-Та Монголын хөлбөмбөгтэй хэрхэн холбогдсон юм бэ?
-Би найзуудтайгаа нийлж “ДМЮ” клүбийг 2010 онд байгуулсан. Миний төрсөн дүү Б.Дамдинсүрэн тэр жилийн ДАШТ-ийг үзээд хөлбөмбөгт дуртай болж, хичээллэх болсон нь надад их нөлөөлсөн болов уу. Гэхдээ би Энэтхэг улсын Делигийн их сургуульд суралцаж байсан болохоор клүбийнхээ үйл ажиллагаанд тэр бүр оролцож чаддаггүй байлаа. Харин 2012 онд сургуулиа төгсч ирснээсээ хойш клүбийнхээ үйл ажиллагаанд илүү эрчимтэй оролцож байна. Манай “Хүчит Чулуут” ХХК хөрөнгө санхүүгийн тал дээр тусалж ажиллах болсон. Манай найзууд ярилцаад клүбийнхээ нэрийг “Хүчит Чулуут-ДМЮ” болгон өөрчилсөн юм.
-Танай клүб хэдэн насны ангилалд үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Хөвгүүдийн 11, 13, 15, 17 хүртэлх гэсэн үндсэн дөрвөн насны ангилалд 100 гаруй хүүхэд бэлтгэл сургуулилтад хамрагдаж байна. Ес хүртэлх насны баг ч бий. Манайхаас бага насны ангилалд сайн хүүхдүүд гарч ирдгийг хүмүүс мэдэх байх. Энэ бүх хүүхэд хөлбөмбөгч болохгүй. Гэхдээ спортоор хүмүүжиж, сайн хүн болж төлөвшвөл бидний зорилго биелэх нь тэр.
-Энэ хугацаанд ямар амжилт үзүүлэв?
-Өсвөрийн хөлбөмбөгт хүчтэй өрсөлдөгчийн нэг болж чадсан болов уу. Талбайн УАШТ-д хоёр, футзалын УАШТ-д нэг, Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Дуулиан-2020” тэмцээнд таван удаа түрүүлж, бусад тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль цөөнгүй хүртсэн. Футзалын УАШТ түрүүлж чадахгүй яваад байсан ч 2000-2001 оныхон маань энэ жил 15 хүртэлх насны ангилалд алтан медаль хүртэж их баярлууллаа.
-Танайхныг олон улсын тэмцээнүүдэд оролцож байсныг мэдэх юм байна?
-Манай 1997-1999 оныхон БНХАУ-ын Эрээн хотод 2012 онд болсон олон улсын тэмцээнд анх оролцож алтан медальтай ирсэн. Мөн ССАЖЯ, “Их талын дуулиан” ТББ-ын шугамаар БНСУ-д 2013, 2014 онд болсон Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд оролцсон нь бидэнд их туршлага болсон. Эхний жил 12 хүртэлх насны ангиллын нэг багтай очоод нэг тэнцэж, гурав хожигдсон. Харин өнгөрсөн жил 12 хүртэлх насны баг маань хоёр хожиж, хоёр хожигдож, 15 хүртэлх насны баг маань нэг хожиж, нэг тэнцэж, хоёр хожигдсон. Амжилт бага багаар ахиад л байна.
-Олон улсын тэмцээнд оролцох нь ямар ач холбогдорлтой вэ?
-Маш их ач холбогдолтой. Манай 2002-2003 оныхон 2013 онд Монголдоо бараг босоо байсан. 11 хүртэлх насны ангилалдаа талбайн УАШТ, “Дуулиан-2020” тэмцээнд түрүүлж, Чингэлтэй дүүргийн талбайн болон футзалын аварга шалгаруулах тэмцээнд хоёр хуваагдан оролцохдоо тус бүрт нь алт, мөнгөн медаль хүртсэн. Зөвхөн футзалын УАШТ-ий шөвгийн наймд “Хараацай”-д 1:2-оор хожигдсон нь манайхны хувьд 2013 онд дотооддоо амссан ганц ялагдал, түрүүлж чадаагүй ганц тэмцээн нь тэр байлаа. Яг энэ багаараа 2013 оны Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд 12 хүртэлх насны ангилалд, нэг нас ах хүүхдүүдтэй тоглохдоо чамлахааргүй амжилт үзүүлсэн. Харин дараа жил нь яг тулсан насныхаа ангилалд өндөр зорилго тавьж оролцсон ч нээлтийн тоглолтод Узбекистаны алдарт “Бунёдкор” клүбийн хүүхдийн багт 1:10-аар хожигдсон доо. Энэ ялагдал бидэнд маш их ажиллах хэрэгтэйг ойлгуулж, зөвхөн дотоодын ялалтдаа баярлаж болохгүйг сануулсан.
-Гадаадад тэмцээнээр явж байхад сонирхолтой зүйлс их тохиолдоно биз?
-Тэгэлгүй яах вэ. Манай клүбийн Э.Тэмүүжин гэж хүүгийн ээж нь БНСУ-д амьдраад олон жил болсон байлаа. Э.Тэмүүжинг эмээ, ах, эгч нар нь ээж рүү нь явуулах гэж олон удаа оролдсон ч виз нь гарч өгөхгүй байсан юм билээ. Харин хөлбөмбөгийн буянаар 2013 онд виз нь гарч, ээж, хүү хоёр Инчёны нисэх онгоцны буудал дээр олон жилийн дараа уулзахыг харах сайхан байсан шүү. БНСУ-ын телевиз энэ тухай баримтат кино хүртэл хийсэн.
-Олон улсын тэмцээнд оролцох зардал мөнгийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Манай компанийн зүгээс тодорхой хувийг гаргадаг. Эцэг, эхчүүдийн тусламж бас их нэмэр болдог шүү. Бас Чингэлтэй дүүргийн ЗДТГ хоёр жил дараалан дэмжлэг үзүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй.
-Тодорхой тоо хэлэхгүй юу?
-Өнгөрсөн жил л гэхэд хоёр насны багтай оролцоход 30 гаруй сая төгрөг хэрэгтэй болсны талыг нь манай компани гаргасан.
-Танд энэ бүгдийг шийдвэрлэхэд хэцүү байдаг уу?
-Би мөнгө нь багтаж ядсан баян хүн биш. Гэхдээ олсон хэдээ олонтойгоо хуваалцаад, бусаддаа чадах чинээгэрээ туслаад явбал болдог л юм. Хэдэн хүүхэддээ илүүчилсэн хэдэн төгрөг эргээд арвижаад ирдэг юм шиг санагддаг. Хүүхдүүдийн минь буян заяа түшдэг шүү. Монголын компаниуд маань нийгмийн хариуцлагатай болж буйг хараад баярладаг.
-Таныг хэсэг нөхдийн хамт сонирхогчдын тэмцээн зохион байгуулсныг санаж байна. Хүмүүс ам сайтай байсан шүү?
-Тийм ээ. Хэдэн найзтайгаа нийлж “Титэм спорт” ТББ-ыг байгуулсан. Сонирхогчдын хөлбөмбөгийн “Лиг-1” тэмцээнийг 2013 оны зун шинэлэг хэлбэрээр зохион байгуулсанд хүмүүс ам сайтай байдаг. Аль ч шатны тоглолт бүр ялалтын мөнгөтэй байсанд хүмүүс ам сайтай байсан. Монголын спортод иймэрхүү шинэлэг санаанууд их үгүйлэгдэж байгаа. “Лиг-1” тэмцээнээс медаль хүртсэн багуудад боломжийн хэмжээний шагнал урамшуулал өгсөн. Сүүлийн үед шагналын мөнгөө өгдөггүй тэмцээн их болсон дуулдана. Бид “Лиг-1”-ээ гадаа талбайд, футзалд уламжлал болгон зохион байгуулахыг хүссэн ч ажил маань амжихгүй байна. Гэхдээ энэ бодлоо орхиогүй ээ.
-Та өөр ямар ТББ-д харьяалагдаж байна вэ?
-МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнээр ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе …
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн өндөр амжилт хүсэн ерөөе.
Д.ЖАВХЛАН
Эх сурвалж: “СПОРТЫН ӨНГӨ” сонин