“Улаанбаатарын яриа хэлэлцээ” том зорилготой

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” том зорилготой

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Зүүн Хойд Азийн асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх яриа хэлэлцээний шинэ механизмын хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо ирэх Мягмар гаригт буюу зургадугаар сарын 17-нд зохиогдох гэж байна-

Эдийн засаг нь хямарсан, сайдууд нь огцрох дээрээ тулсан, том төслүүд нь хэрэгжэхээ больсон гээд чихэнд чимэгтэй мэдээ цөөн байгаа энэ үед бас сайн мэдээ байна. Нэн ялангуяа Монгол Улсын гадаад харилцааны чиглэлд. Ардчиллын замаар тууштай замнаж, өөрийн гэсэн онцлогтой ардчиллын загварыг бий болгож чадсан, хөрш орнууд болоод бусад улс оронтой улс төрийн ямарваа нэг зөрчилдөөнт асуудалгүй Азийн цээжин дэх Монгол Улс эвлэршгүйгээр нуруу нуруугаа харалцан суугаа улс орнуудын хооронд эвийн яриа хөөрөөг зуучлан өрнүүлэх боломжтой. Үүнийгээ ч ашиглаж эхний үр дүнд хүрч байгаа нь үнэхээр сайн мэдээ юм. Нэн ялангуяа Зүүн Хойд Азийн эвийн асуудлаар Монгол Улс санаачилгатай ажиллаж байгаа нь байгалийн арвин баялагтай хэрнээ үүндээ тулгуурлан эдийн засгаа хөгжүүлж гурав хүрэхгүй сая хүнээ сэтгэл амар амьдруулж чадахгүй байгаа гэм нүглийг нь зөөллөх мэт.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Зүүн Хойд Азийн асууд­лаарх “Улаанбаатарын яриа хэлэл­цээ” хэмээх яриа хэлэлцээний шинэ механизмын хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо ирэх Мягмар гаригт буюу зургадугаар сарын 17-нд зохиогдох гэж байна. Өнөөдрийн дэлхийн газрын зураг дээр Зүүн Хойд Ази гэдэг бол анхаарал татсан бүс нутаг хэвээр. Үүний гол шалтгаан мэдээж Хойд Солонгос. Сүүлийн 60 гаран жилийн турш дэлхий нийтээс хаагдмал, нэг хүний хатуу дэглэмийг тогтоож, аливаа асуудлыг эвээр биш хүчээр шийдэхээр заналхийлдэг Хойд Солонгос дэлхийн дипломатчдын ур чадварыг шалгах цэг хэвээр. Хойд Солонгосын хөрш орнууд төдийгүй дэлхийн харилцааг тодорхойлогч тэргүүлэгч гүрнүүдтэй харьцуулахад Монгол Улс Хойд Солонгостой өөрийн өвөрмөц уламжлалт найрсаг харилцаатай. Дэлхийн улс орнуудын эв нэгдлийн баяр гэгддэг олимпийн тог­лолтыг эс тооцвол Хойд Солонгосын төлөөлөгч оролц­сон үйл явдал гэж та бараг сонсоогүй байх. Тэгвэл энэ санаачилгын хүрээнд өнгөрсөн оны намар Улаанбаатар хотноо зохиогдсон Зүүн Хойд Азийн парламентын эмэг­тэй гишүүдийн чуулга уулзалтад Хойд Солонгосын төлөөлөгчид оролцсон. Монголчуудын төдийлөн ач холбогдол өгөөгүй энэ уулзалт дэлхийн улс орнуудын харилцаанд чухалд тооцогдох үйл явдал байсан билээ.

Өнгөрсөн тавдугаар сард Шан­хай хотноо зохиогдсон Азид хамт­­рах, итгэлцлийг бэхүүлэх бага хурлын дөрөвдүгээр дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичигт Монгол Улсын “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг бүс нутгийн улс орнууд дэмжин ажиллахыг уриалсан. Монголчуудын энэ санаачилгыг Хельсинкийн процесстой адилтган үзэж байна. 1975 онд эхэлсэн энэ процессийг тухайн үеийн социалист, капиталист орнуудын хооронд бий болоод байсан дайны байдлыг хооронд албан бус /албан бус гэдгийг дип­ломатын бус гэдгээр ойлгоно уу/ яриа хэлэлцээ өрнүүлэх замаар намжааж, дэлхийн улс орнуудын эв нэгдэлд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг. Монголчуудын “Улаанбаатарын яриа хэлэлцээ” ч мөн ийм зо­рил­готой юм. Аль нэг талын эрх ашгийг давууд тавихгүй, талуудад байр сууриа тодотгох, ойл­гол­цоход дөхөм болох “албан бус” яриа хэлэлцээг өрнүүлэхийг зорьж байгаа юм. Эрдэмтэн судлаачид Зүүн Хойд Азид Хойд Солонгосын зах зээл нээгд­вэл энэ бүс нутгийн эдийн засаг богино хугацаанд хөгжих боломжтой гэж үздэг. 

Энэ удаагийн хуралд Зүүн Хойд Азийн зургаан орон, үүнд, Монгол, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон болон АНУ, Европын холбооны орнуудаас нийт 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцох гэж байна.

Д.НАРАНТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №066

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж